УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нар сонгуулийн үеэр хууль зөрчсөн нь баримтаар нотлогдож байна гэдэг эцсийн шийдвэрийг Өвөрхангай аймгийн Сум дундын шүүх гаргасан. Шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд хариуцагч тал дахиад аль нэг шүүхэд гомдол гаргах нь хууль эрх зүйн хувьд боломжгүй. Мөн нэр дэвшигч С.Чинзориг Сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчлөө хэмээн Үндсэн хуулийн Цэцэд хандсан ч Цэц нягтлан хэлэлцээд нэхэмжлэгчийн гомдлыг “үндэслэлгүй” гэж үзсэн юм.
СЕХ-оос МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын түр үнэмлэхийг хүчингүй болгож, АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх нөхцөл байдлыг хангаад байгаа. С.Чинзориг “Өрсөлдөгчөөсөө 3500-6700 хүний саналаар илүү явсан намайг хүчээр унагаж байгаа нь шударга биш. Хэрэв Г.Батхүү, Д.Зоригт нар тангараг өргөвөл ард түмэн хүссэн хүсээгүй босох байх. Надаар хэлүүлсэн, хэлүүлээгүй, манай намын дуугарсан дуугараагүй ард түмэн босно. Би ч гэсэн өөрийнхөө зүгээс шалтгаалах бүх арга хэмжээг авна. Г.Батхүү, Д.Зоригт хоёр шуналтай байж болно. Шүүхийг мөнгөөр хөдөлгөж байж магадгүй. Харин надад мөнгөөр бүхнийг хөдөлгөх чадал алга. Олон түмний эрх ашгийг хамгаалъя гэсэн сэтгэл байна. Аав, ээжээс заяасан бие байна. Г.Батхүү, Д.Зоригт нар асуудлыг хүчээр шийдвэл тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлах болно. Тэд ичихгүй бол би ичихгүй. Ардчиллынхан гэж өөрсдийгөө тунхагладаг тэдний эсрэг өөрсдийнх нь аргыг хэрэглэнэ” хэмээн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагандаа өгүүлжээ. Хэдхэн хоногийн өмнө болсон орон нутгийн сонгуулиаар Өвөрхангай аймагт МАН-д итгэл үзүүлж сонголтоо баталгаажуулсан байна. Юутай ч нэр дэвшигч С.Чинзориг тэмцлээ өлсгөлөнгөөр үргэлжлүүлэх бололтой.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )