Орон нутгийн сонгуульд АН, МАН хоёр ялалт байгуулснаа ам уралдан зарлаж, харин МАХН-ыг ялагдал хүлээсэн тухай ярьж байна. Харин МАХН энэ сонгуульд амжилттай оролцож, орон нутагт төлөөлөлтэй болж зорилгоо биелүүлж чадсан хэмээн үзэж байна. Энэ талаар МАХН-ын Нийслэл буюу намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэнтэй ярилцлаа.
- МАХН Орон нутгийн сонгуульд хэрхэн оролцсон гэж дүгнэж байгаа вэ?
- Бид УИХ-ын сонгуульд оролцсон амжилтаа бататгах, орон нутагт төлөөлөлтэй болох, ард түмэнтэйгээ хамтарсан хяналтыг бүх шатанд тогтоохыг зорилгоо болгож 2012 оны Орон нутгийн сонгуульд оролцсон. Одоогоор сонгуулийн дүн бүрэн гараагүй, хэд хэдэн газарт дахин сонгууль явагдах гэж байгаа учир нарийн тоо хэлж чадахгүй байна. Гэхдээ урьдчилсан байдлаар гарсан дүнг харж байхад зорилго маань биелж шударга хяналтыг тогтоох боломжтой болж байна.
- Танай намыг ялагдал хүлээсэн учир сонгуулийн талаар юм ярихгүй байна гэсэн яриа гараад байна?
- Орон нутгийн сонгуулийн нэгдсэн дүн албан ёсоор гараагүй байгааг хэлсэн. Аймгуудын ИТХ-ын бүрэлдэхүүний дүн өнөөдөр зарлагдлаа. Бид хэд хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ хурлаараа бид орон нутгийн сонгуульд улс төрийн гурав дахь хүчин болж чадсанаа хэлсэн. Аймаг, сум, дүүргийн хэмжээнд бид хяналтаа тогтоож чадахаар боллоо гэсэн мэдээллийг бид өгч байсан. Өнөөдөр 21 аймгийн дүн гарсан байна. Энэ дүнгээс харахад бидний энэ ойлголт зөв байна гэдэг нь харагдаж байгаа юм. 21 аймгийн мэдээгээс харахад таван аймгаас бусад аймгийн ИХ-д 1-4 төлөөлөлтэй болсон байна. Тэгэхээр аймгийн ИХ-ын үйл ажиллагаа, тэндээс байгуулагдах Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд манай намын зүгээс тодорхой хэмжээгээр хяналт тавих боломж бүрдлээ гэсэн үг. Манай намын орон нутгийн сонгуульд оролцсон гол уриа чиглэл бол “Орон нутгийн сонгууль + МАХН = Шударга хяналт” байсан. Бидний энэ уриа бодит амьдрал дээр биеллээ олж байна гэдгийг энэ дүн баталж харууллаа.
- Урьдчилсан байдлаар танай намын хэчнээн хүн сонгогдож гарсан бэ?
- Үүнийг бид урьдчилаад хэлэхэд эрт байна. Эхний ээлжинд мэдээ нь бүрэн гарсан аймгуудын дүнгээс харахад 22 хүн төлөөлөгчөөр сонгогдсон байна. Ер нь нийт МАХН-аас 300 орчим хүн гараад байгаа. Гэхдээ энэ тоо өсөөд л байгаа л даа. Тэгэхээр сонгуулийн дүн баталгаатай гарсан үед нарийн тоог бид мэдээлнэ.
- АН, МАН сонгууль дуусаагүй байхад л ялалтаа зарлаж эхэлсэн. Энэ талаар таны бодол?
- АН, МАН-аас орон нутгийн сонгууль дуусмагц хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл өгч эхэлсэн. Сонгуулийн дүн баталгаатай гараагүй байхад манайх яллаа, үнэмлэхүй ялалт байгууллаа гэж мэдээлж байсан. Бидний хувьд яаран мэдээлэл өгөхийг хичээсэнгүй. Дээр нь манай нам орон нутгийн сонгуульд ялалт байгуулна гэж нэг ч удаа ярьж байгаагүй. Бидний гол зорилго бол хяналт байсан. Хяналт тавих боломжоо олж авахын тулд бид ажилласан. Зорилгодоо ч хүрч чадлаа.
- Сонгууль зарлагдсан цагаас эхлэн МАХН-аас нэр дэвшигчид бэрхшээлтэй тулгарч эхэлсэн. Энэ нь сонгуудийн дүнд мэдээж нөлөөлж байгаа болов уу?
- Сонгуулийн тойргийн хороод, хэсгийн хороодын бүрэлдэхүүн тэр аяараа АН, МАН-ын төлөөлөлтэй байсан. Тиймээс ч сум, дүүргүүдэд манай намын хяналт хэрэгтэй. Гэтэл хяналтаас айсан хоёр нам МАХН болон нэр дэвшигчдийг сонгуульд оролцуулахгүй, хааж боох, хасах гэсэн арга саамыг асар их хийсэн. Бид сонгууль зарлагдсанаас хойшхи хугацаанд шүүх цагдаа, СЕХ хүртэл бүх шатны хэсгийн хороодоор дамжиж гомдол чирэглэл болж явсаар байгаад 2900 орчим хүн нэр дэвшүүлсэн. Нэг дүүрэг, хэдэн аймагт бүр хүнээ дэвшүүлж чадаагүй. Ер нь бид анхнаасаа ялалт байгуулна гэж яриагүй. Дүн бүрэн гараагүй байхад ялалтын тухай ярина гэдэг бол утгагүй, ёс зүйгүй байсан.
- МАХН орон нутагт нэг ч төлөөлөлгүй байсан. Харин одоо төлөөлөлтэй боллоо. Тэгэхээр МАХН-ыг дэмждэг хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа юм байна даа?
- Хоёр нам яаж сонгуульд оролцдогийг монголын ард түмэн мэддэг болсон. Манай намын зорилго бол шударга сонгууль явуулах. Шударга сонгуулийн үр дүнд шударга хяналтыг тогтоох байсан. Манай нам энэ сонгуульд зорилгоо биелүүллээ. Тиймээс манай намыг дэмжсэн, саналаа өгсөн хүмүүс шударга хяналт тогтож эхлэх гэж байгаад баярлаж байгаа болов уу гэж бодож байна. Шударга ёсыг тогтооё гэсэн, шударга хүмүүс манай намд саналаа өгсөн. Тэгэхээр орон нутагт шударга ёсыг дэмжиж байгаа хүмүүсийн тоо эрс нэмэгдлээ гэж хэлэх үндэслэл байна. МАХН-ыг ямар нэгэн аргаар дарж авах гэсэн олигархууд шударга ёсны эсрэг, шударга ёсноос айсан, ард түмний хяналтаас айж байгаагаа энэ сонгуулиар ч мөн харууллаа. Ард түмэн ч ингэж дүгнэж байгаа байх.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )