Төсвийн байнгын хороо хуралдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 27

Өнөөдөр /12.11.27/ Төсвийн байнгын хороо хуралдан “Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, зарим асуудлаар ажлын хэсэг байгуулахаар тогтлоо.

Засгийн газраас “Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг энэ сарын 19-ны өдөр өргөн мэдүүлээд байсан билээ. Хуралдааны эхэнд ЭМЯ-ны сайд Н.Удвал тогтоолын төслийн танилцуулгыг хийв.

Гаалийн тухай хуулийн 8 дахь хэсгийн 1 дэх заалтын дагуу УИХ улсын хилээр оруулах, гаргахыг хориглох барааны болон Засгийн газар тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтыг тухайн барааны ангиллын кодыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу зааж тус тус батлахаар заасан байдаг. Хуулийн энэ заалтыг үндэслэн лабораторийн зориулалттайгаас бусад бүх төрлийн спиртийг хилээр нэвтрүүлэхийг хориглохоор УИХ-ыг тогтоолоор батлуулж, лабораторийн зориулалт (AR-analytical reagent)-тай спиртийн уламжлалын бодисуудыг Засгийн газрын тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтад оруулахаар зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзэж Засгийн газраас энэхүү тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн байна. “Азийн чоно”-ын гэх тодотголтой хэрэг гарснаас хойш УИХ-аас спиртийн экспортыг бүхэлд нь хязгаарлаад байсан бөгөөд энэ нь лабораторийн зориулалттай спиртийг мөн хориглоход хүргэж эрүүл мэндийн салбарт хүндрэл бий болгоод байгаа ажээ.

Танилцуулгатай холбогдуулан асуух асуулттай гишүүд гараагүй тул санал хураалтыг явуулахад дээрх тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Дараа нь өнгөрсөн 8-р сард Д.Ганхуяг нарын гишүүдийн өргөн мэдүүлээд байсан Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд нэмэлт оруулах тухай буюу нүүрсэнд экспортын гаалийн албан татвар ногдуулах тухай агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар дүгнэлт гаргуулахаар ажлын хэсгийг байгуулав.

Уг ажлын хэсэгт Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан Б.Болор, С.Ганбаатар нарын гишүүд багтсан бол Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх болсонтой холбоотойгоор Ж.Эрдэнэбат гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг тус тус байгуулснаар энэ удаагийн хуралдаан өндөрлөлөө.

 А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top