МАХН-ын төв байранд Орон нутгийн сонгуультай холбогдуулан тус намын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг хэвлэлийн хурлын эхэнд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба хэлэхдээ, МАХН хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан албан ёсны байр сууриа илэрхийлэх гэж энэхүү хэвлэлийн бага хурлыг зарласан юм. Орон нутгийн энэ удаагийн сонгуульд хэдийгээр зарим хэсгийн хороодод ирц хүрээгүй, тухайлбал нийслэлийн нийт хэсгийн хороодын 50 гаруй хувьд ирц бүрэлдээгүйн улмаас сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй байгаа ч бидэнд ирж байгаа, манай намын ажиглагчдын өгч байгаа мэдээллээс харахад МАХН орон нутгийн сонгуульд өмнө нь УИХ-ын сонгуульд сонгогчдоос авсан гуравдагч хүчнийхээ байр суурийг баталгаажуулсан амжилт үзүүллээ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Тодруулж хэлбэл, УИХ-ын сонгуульд МАХН–МҮАН-Шударга ёс эвсэл байгуулан, хамтран оролцож, өнөөдөр УИХ-д 11 гишүүний төлөөлөлтэй төдийгүй Засгийн газрыг хамтран барилцаж байгаа билээ.
Энэ удаагийн орон нутгийн сонгууль нь нам өөрийн уугуул нэрээ сэргээснээс хойшхи хамгийн анхны орон нутгийн сонгууль боллоо. Өмнө нь аль ч Иргэдийн хуралд МАХН өөрийн төлөөлөлгүй байсан. Тэгвэл хэдийгээр бидэнд хүндрэл бэрхшээл тохиолдож, тухайлбал МАХН-ын нэр дэвшигчдийг орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй, оролцуулахгүй байхыг улс төрийн зарим хүчин зохион байгуулалттайгаар хичээж, мөн манай намаас нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх зэрэг олон хүндрэл бэрхшээл тохиолдсон. Гэсэн хэдий ч улс орны хэмжээнд МАХН 2900 нэр дэвшигчдийг дэвшүүлж, сонгуульд амжилттай оролцсон. Энэ сонгуульд бид нэр дэвшүүлсэн тойрог бүртээ төлөөлөлтэй болж чадлаа.
Зарим орон нутгийн тойргуудад манай намаас олон нэр дэвшигч амжилттай оролцсон мэдээлэл ирж байгаа. Монгол улсад шударга ёсыг тогтоохын төлөө ажиллаж байгаа улс төрийн хүчний хувьд, хамгийн их хэлмэгдэж, хууль бус аливаа хүндрэл бэрхшээлтэй учирч, бүх шатны сонгуульд оролцож байгаа улс төрийн хүчний хувьд өөрсдөө улс төрийн хүчнүүдийн төлөвшилд хувь нэмрээ оруулах, улмаар сонгогчдоо, бусад улс төрийн намуудыг хүндэтгэсэн зарчмыг баримтлан аливаа сонгуульд оролцож байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ бусад намууд маань сонгуулийн санал хураалт дуусмагц, түүний дараахан удаа дараалан хэвлэлийн бага хурал зарлаж, өөрсдийн ялалтыг зарлаж байх шиг байна. Сонгууль гэдэг бол цаг хугацааны хувьд нягтлах, улс төрийнхээ дараагийн үр дагаврыг тооцох зэрэг олон үйл явцад анхаарал хандуулахыг шаарддаг. Бусад намуудынхаа ялалтыг хүндэтгэж байна. Гэхдээ ялалт баталгаажихад цаг хугацааны хүчин зүйл шаардлагатай байгаа. Улс төрийн гурав дахь хүчний хувьд байр сууриа хараахан илэрхийлээгүй байхад ялалтаа ийнхүү яаран зарлаж байгаа нь улс төрийн соёлгүй, сонгогчдынхоо сонголтонд хөнгөн хуумгай хандаж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна гэлээ.
МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд хэлэхдээ, МАХН-аас нэр дэвшигчид олон зуун суудал авсан нь манай ажиглагчдын мэдээлж байгаагаар тодорхой болж байна. Энэ удаагийн сонгуульд МАХН Орон нутгийн сонгууль=шударга хяналт уриатай орсон. Бид энэ уриагаа хэрэгжүүлж чадлаа. Бид өнөөдөр улс төрийн гурав дахь хүчин гэдгээ орон нутгийн сонгуульд баттай харуулж чадлаа. Орон нутгийн эрх барих гурав дахь хүчин МАХН боллоо гэдгээ бид бүх улс орон даяар ийнхүү зарлаж байна. Орон нутгийн сонгууль зохион байгуулах төв штаб, бүх мянгатууд аймаг хот, сум дүүрэг дээр энэ сонгуульд идэвхийлэн оролцсон олон зуун мянган МАХН-ын гишүүд, дэмжигчид, биднийг дэмжиж саналаа өгсөн нийт сонгогчдодоо МАХН, түүний удирдлага, бүх гишүүдийн нэрийн өмнөөс дахин талархал илэрхийлье гэлээ.
Түүнчлэн МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн хэлэхдээ, сонгогчид МАХН-тай хамтарч төрийн бүх шатны үйл ажиллагааг хяналт тавихыг баталгаажуулж өглөө. Мөн Монголын ард түмэн шударга ёсыг хүсэн хүлээж байгаа юм байна, бүх шатанд шударга ёсыг тогтоохыг дэмжиж байгаа юм байна гэдгийг баталгаажуулж өглөө гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )