УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, УИХ болон дэгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч тодорхой шалтгаанаар хуралдаанаа хийсэнгүй. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Энхболдоос дараах зүйлийг тодрууллаа.
-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах байсан ч тодорхой хугацаагаар хойшиллоо. Яг ямар шалтгаанаар хуралдсангүй вэ?
-Байнгын хорооны гишүүдийн ирц бүрдээгүй гээд хуралдаан долоо хоног хойшилж байх шиг байна. Тухайн байнгын хороонд харьяалагддаг 16 гишүүний нэг нь ч хуралдаа ирсэнгүй.
Бидэнд байгаа мэдээллээр байнгын хорооны гишүүдийн тав нь гадаадад томилолтоор, гурав нь өвчтэй байгаа гэсэн. Харамсалтай нь, үлдсэн найман гишүүн нь хуралдаа ирээгүй. Тиймээс гишүүдийн ирц бүрдсэнгүй.
-Өнөөдрийн /өчигдөр/ хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ болон дэгийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан. Гэтэл та нэг ч гишүүн ирээгүй гэж хэллээ. Тэгэхээр МАН-ыг бүлэгтэй болгох асуудал дахин долоо хоногоор хойшиллоо гэсэн үг үү?
-Засгийн эрхийг барьж буй АН-ын гишүүдийн хэн нь ч хуралдаанд ирээгүй нь хардлага төрүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн УИХ-д өргөн барьсан УИХ-ын тухай болон дэгийн тухай хууль зөвхөн манай намыг бүлэгтэй болгох хуулийн төсөл биш юм. Тэд өөр олон зүйл, заалт бий гэдгийг ойлгох хэрэгтэй. Арай ч ийм өчүүхэн юмаар улстөр хийхгүй байлгүй дээ.
-МАН-ыг бүлэгтэй болгох асуудлыг анх 2013 оны төсөвтэй хамтатган батлахаар тохиролцсон. Гэтэл яагаад ч юм өнөөдрийг хүртэл хойшилсоор байгааг юу гэж ойлговол зохистой вэ?
-Ярьсан, тохиролцсон олон зүйл хойшилж байна. Аливаа асуудалд цөөнхийн саналыг 100 хувь тусгах боломж байхгүй. Гэвч төрийн ажил харилцан ярилцаж, зөвшилцөж байж явагддаг. Тийм ч дэгтэй, хуультай юм.
-Ингэхэд энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар таван нэр дэвшигч гишүүнийхээ тангаргийг өргөнө. Энэ дотор Өвөрхангайн 10 дугаар тойргоос Г.Батхүү, Д.Зоригт нарын тангаргийг өргүүлэхээр СЕХ-ноос нэрийг нь оруулж ирсэн байсан?
-Өнөөдөр Өвөрхангайн тойргийн асуудал шүүхээр эцэслэн шийдэгдээгүй. Хяналтын шатны дээд шүүхэд бид хандчихсан хариугаа хүлээж байна. Ядаж хариуг нь гарсаны дараа УИХ-ын 10 дугаар тойргийн асуудал яригдах ёстой гэсэн байр сууриндаа манай нам хэвээрээ байгаа.
Ер нь СЕХ-ноос энэ асуудлын явц нь дуусаагүй байхад нэрийг нь өргөн мэдүүлснээрээ хууль зөрчсөн. Түүнчлэн СЕХ асуудалд хэрхэн хандаж байгаагаа харуулж байгаа үзэгдэл юм.
-Тэгвэл УИХ дахь МАН-ын гишүүд ямар нэгэн арга хэмжээ авах уу?
-Энэ талаар тодорхой зүйл ярих нь арай эртдэх байх.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"
Сэтгэгдэл ( 0 )