Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид энэ сарын 28-нд хуралдаж Дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дахин санал хураалтад туслалцаа,дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг хэлэлцэн тогтоол гаргалаа. Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан албан ёсны мэдээ, дүнгээс үзэхэд Аймгийн нийт сонгогчийн 58.71 хувь, Нийслэлийн дүүргүүдийн нийт сонгогчийн 45.63 хувь сонгуульд оролцжээ. Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиар хорооны сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 50-аас дээш хувь сонгуульд оролцоогүй бол хорооны 50-аас дээш хувь оролцоогүй хэсгүүдийн санал хураалтыг хүчингүйд тооцох бөгөөд уг хуулийн үндэслэлээр Нийслэлийн дүүргүүдийн санал авах зарим хэсгүүдийн санал хураалтыг хүчингүйд тооцоод байгаа.
Нийслэлийн дүүргүүдийн зарим Сонгуулийн хорооноос санал хураалт нь хүчингүй болсон хэсгийн дахин санал хураалтыг 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Баасан гарагт буюу ажлын өдөр зохион байгуулах болсонтой холбогдуулж Нийслэлийн зарим дүүргүүдийн санал авах хэсэгт дахин хураалт явуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчдээс зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарснаар 2012 оны 11 сарын 30-ны Баасан гариг буюу дахин санал хураалт явуулах өдөр Дүүргүүдийн ИТХ-ын дахин санал хураалт явагдах хорооны санал авах хэсэгт оршин суудаг, тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байгаа сонгогчдод 2012 оны 11 дүгээр сарын 30-ны ажлын өдрийн Баасан гарагийн 08.00-14.00 цаг хүртэл хугацаанд чөлөө олгохыг бүх ажил олгогч нарт үүрэг болголоо. Энэ тогтоол гарснаар дахин санал өгөх иргэд өглөө заавал ажилдаа очин цагаа бүртгүүлэхгүйгээр 08:00-14:00 цагийн хооронд багтаж саналаа өгөх боломжтой болж байгаа юм. Дахин санал хураалтанд оролцсон иргэд сонгогчийн санал өгсөн тасалбараа ажил олгогчдоо өгч чөлөөгөө баталгаажуулна. Тойргын хэсгийн хороодоос ирүүлсэн албан бус мэдээгээр, Баянзүрх дүүрэгт 79 хэсгийн хороотойгоос 52-т нь, Баянгол дүүрэгт 54 хэсгийн хороотойгоос 23, Сонгиноxайрхан дүүрэгт 80 хэсгийн хороотойгоос 32, Сүхбаатар дүүрэгт 41 хэсгийн хороотойгоос 13, Хан-Уул дүүрэгт 37 хэсгийн хороотойгоос 7, Чингэлтэй дүүрэгт 43хэсгийн хороотойгоос 22 хэсгийн хороодод дахин санал хураалт явуулах юм. Бид дахин санал хураах хэсгийн хороодыг тун удахгүй мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )