Хурлаа хуралдуулж, аймгийн Засаг дарга нарыг яаралтай томилохыг Засгийн газрын тэргүүн үүрэг болголоо

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 28

 Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг өнөөдөр орон нутгийн удирдлагуудтай ээлжит бус цахим хурал хийлээ. 21 аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болоод аймгийн Засаг дарга нар оролцсон энэ хурлын эхэнд Ерөнхий сайд “Орон нутгийн сонгууль болоод өнгөрлөө. Сонгуулийн дүн бүрэн гарсан аймгууд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаа яаралтай хуралдуулж, Засаг даргаа томилох шаардлагатай байна” гэлээ.

Олон аймагт их хэмжээний цас унаснаас өвөлжилт хүндэрч болзошгүй. Мөн орон нутгийн сонгуулийн хугацаа хойшилсноос орон нутгийн төсвийг хуулийн хугацаанд нь баталж амжихгүй нөхцөл үүсээд байна. Иймд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаа яаралтай хийх шаардлагатай байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Өмнөговь аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид анхны хурлаа хийж, Засаг дарга Б.Бадрааг улируулан сонгох шийдвэрээ өргөн барьсны дагуу Ерөнхий сайдын захирамж гарсныг Засгийн газрын тэргүүн тэмдэглэж хэллээ. Мөн сонгуулийн дүнгээр байгуулагдсан Иргэдийн төлөөлөгчид хуралдаж, Засаг даргыг томилж тамга, тэмдэг солилцох хүртлэх хугацаанд ямар нэг томилгоо хийхгүй байхыг орон нутгийн удирдлагуудад  Ерөнхий сайд үүрэг болголоо.

Булган, Баян-Өлгий, Өвөрхангай, Увс, Өмнөговь, Хөвсгөл, Дундговь, Дорноговь зэрэг аймгийн зарим нутгаар цас их орсон, тухайлбал, Увс, Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгийн зарим сумын нутагт 50-90 см-ын зузаан цастай болсноос өвөлжилт хүндрээд байгаа талаар орон нутгийнхан мэдээлэл өгөөд ямар арга хэмжээ авч байгаа талаараа ярилаа.

Аймгийн удирдлагууд орон нутгийнхаа хэмжээнд боломжтой бүхий л арга хэмжээ авч ажиллахыг тэдний саналыг сонссоны дараагаар Ерөнхий сайд үүрэг болгоод нөхцөл байдлыг цаг тухайд нь танилцуулж, ямар арга хэмжээ авч байгаа талаараа тогтмол мэдээлж байхыг даалгалаа. Мөн зам харгуй гаргах зэрэг орон нутгийн чадал, боломжоос давсан ажлуудад Засгийн газар тусламж үзүүлнэ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд ажил цалгардуулахгүй байхыг анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top