Д.Мөнхтөр: Дээд шүүх эргэлзээ төрүүлж эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 28

 

МАХН-ын дэргэдэх “Шударга ёсны хувьсгалт” Үндэсний нэгдсэн оюутны холбооныхон МАХН-ын дарга Н.Энхбаярыг Улсын Дээд шүүх цагаатгаж, хэлмэгдүүлэлтийг зогсооно гэдэгт итгэлтэй байгаа аж. Тэд Улсын Дээд шүүх шүүх хурлын товыг 2-3 хоногийн өмнө шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчид мэдэгдэн хуулиа зөрчиж эхэллээ хэмээн  өнөөдөр Эмэйгтэйчүүдийн холбоо, Ахмадын холбоо хамтран хэвлэлийн хурал хийлээ. Уг хурлын үеэр ШЁХҮНОХолбооны тэргүүн Д.Мөнхтөртэй ярилцлаа.

-Дээд шүүх хууль зөрчиж хурлын товыг мэдэгдээгүй. Үүнээс үүдэн шүүх хурал бас шударга бус явагдах вий гэсэн хардлага төрж байгаа тухай яригдаж байна?

-Анхан шатны шүүх хурлын гол алдаа нь мэтгэлцээний шат байхгүй, анхан шатны хуралд байх ёсгүй гэж шүүгч, прокурор нь зүтгэж байсныг С.Нарангэрэл өмгөөлөгч хэлж байсан. Харин Нийслэлийн шүүх дээр анхан шатны шүүх хурал дээр мэтгэлцээний процессыг орхигдуулсан байна гэж шүүгч, прокурор нь өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Гэсэн ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн. Тэгэхээр Улсын Дээд шүүх шударга шүүнэ гэсэн эцсийн найдвар үлдээд байлаа. Харамсалтай нь анхнаасаа Дээд шүүх эргэлзээ төрүүлж эхлээд байна. Учир нь шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчид хурлын товыг долоо хоногийн өмнө мэдэгдэх ёстой байдаг. Гэтэл 2,3-хан хоногийн өмнө мэдэгдэж байна. Дээр нь Орон нутгийн сонгуультай давхцуулан хурал зарлаж байгаа нь ард түмний анхаарлыг шүүх хурлаас хөндийрүүлэх гэсэн зорилго явж байж магадгүй хэмээн бид айж байна.

-Тэгэхээр та бүхэн шүүх хурлын өмнө ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ?

-Тэгэхээр бид “Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя” аяны хүрээнд цугласан 100 гаруй мянган хүний гарын үсгийг 5 хэсэг болгоод Ерөнхийлөгч, Ерөнхий прокурор, Дээд шүүхийн Ерөнхий зөвлөл, Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр гардуулж өгөхөөр төлөвлөөд байна. Мөн НҮБ-ын Хүний эрхийн хороонд мөн өгнө. Үүгээрээ бид Хамгийн сүүлийн хурал болох Дээд шүүхийн хуралд улс төрийн зорилгоор бүү оролцооч ээ. Шүүх хурлыг шударга явуулаач ээ, хэлмэгдүүлэлтийг бүү бий болгооч ээ гэдгийг хэлж байгаа юм.

-Гарын үсгээс гадна мессеж санал нэлээд их ирж байгаа гэл үү?

-Тийм ээ. Одоогоор 40 мянга гаруй мессеж санал, сэтгэгдэл бидэнд ирж байна. Тэдгээрийн ихэнх нь биднийг дэмжиж байгаа, Н.Энхбаярт ял өгсөн нь улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж байгаа хэрэг, ардчилсан Ерөнхийлөгчтэй, ардчилсан Ерөнхий сайдтай энэ үед Дээд шүүхийн хурал шударга болно гэдэгт итгэж байгаа гэсэн байна лээ.

-“Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя” аяны хүрээнд өөр ямар ажлууд зохион байгуулагдаж байгаа вэ?

-“Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя” аян эхлээд дөрвөн сар болж байна. Аяны хүрээнд бидэнд 100 гаруй мянган хүний гарын үсэг цугларлаа. Гарын үсгээс гадна бид Н.Энхбаяр даргатай холбоотой олон ажил зохион байгууллаа. Тухайлбал, өнгөрсөн шүүх хурлын үеэр Монголын буддын шашинт сүм, дуганууд шүүх хурал шударга болоосой, хар, цагаан хэл ам битгий ороосой гэж ном хурж байсан. Цаашид ч бид ганцхан Н.Энхбаяр дарга ч биш өөр хэн нэгний эрх зөрчигдөж байвал тэр болгонд дуу хоолойгоо хүргэнэ гэж төлөвлөж байгаа. 

 “Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя” хөдөлгөөнийг өрнүүлээд 4 сар болж байна. Аянд одоогоор 100.000 гаруй иргэд нэгдэн ороод байна. Гэсэн ч Монгол Улсын шүүх, прокурорын байгууллагууд удаа дараа Н.Энхбаяр даргын шүүх хурлыг улс төрийн илт нөлөөтэйгээр зохион байгууллаа. Энэ удаа ч мөн адил шүүх хурлыг 7 хонгийн өмнө шүүгдэгчийн өмгөөлөгч болон олон нийтэд мэдэгдэнэ гэсэн заалтыг зөрчин орон нутгийн сонгуультай давхцуулан зарласан байна. Тиймээс бид аянд нэгдсэн иргэдийн гарын үсгийг 5 хуваан Ерөнхийлөгч, Ерөнхий Прокурор, дээд шүүхийн Ерөнхий зөвлөл, Сүхбаатар дүүргийн шүүх, НҮБ-ын хүний эрхийн хороо зэрэг байгууллагуудад илгээж энэ удаагийн шүүх хуралд улс төрийн нөлөө үзүүлэхгүй байхыг хүсэж байна. Гарын үсгийг гардуулах ажил 11-р сарын 28, 29–ний өдөр үргэлжилнэ. 

- Тодруулга өгсөнд баярлалаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top