Ерөнхийлөгч шилдэг залуу судлаач, эрдэмтдэд 2012 оны нэрэмжит шагналаа хүртээлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, МУИС-ийн Хими, хими инженерчлэлийн сургуулийн багш, доктор Лувсанжамба овогтой Мөнхцэцэг, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Цэрэнбалтавын Минжин, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Эпидемологи, биостатистикийн тэнхимийн эрхлэгч, доктор Дамбадаржаагийн Даваалхам нарт шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад жил бүр олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаа хүртээлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уг шагналыг Л.Мөнхцэцэг, Ц.Минжин, Д.Даваалхам нарт өнөөдөр гардуулж баяр хүргэв. Энэхүү шагналыг өргөмжлөл, хоёр сая төгрөг дагалддаг юм.

Доктор Л.Мөнхцэцэг дэгдэмхий хүхэрт органик нэгдлүүдийг агуулсан хаягдал хийг биотехнологийн аргаар термофиль нөхцөлд буюу өндөр температурт цэвэрлэх байгаль орчинд ээлтэй шинэ технологи бий болгож хүн төрөлхтний ногоон хөгжлийн үйлсэд чухал хувь нэмэр оруулжээ.

Эрдэм шинжилгээний ажилтан, докторант Ц.Минжин Чингис хааны “Их Засаг” хууль нь Монголын эзэнт гүрний төрийн байгуулалт, төр, нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулсан үндсэн хууль мөн болохыг, түүнчлэн Монголын төр хууль цаазат төр байсныг түүхэн сурвалжийн мэдээ баримтад тулгуурлан нотолсон “Их Засаг” хэмээх түүх, эрх зүйн шинжлэлийн шилдэг бүтээл туурвисан байна.

Доктор Д.Даваалхам В гепатитийн дархлаажуулалтын сүүлийн 20 жилийн үр дүнг үндэсний хэмжээнд нэгтгэн судалсны зэрэгцээ уг вирусын 57 шинэ дарааллыг тодорхойлж, Дэлхийн генийн санд байршуулан нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм байна.

www.president.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top