АБГББХорооны хуралдааны тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 28

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  “Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-т нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерпол, Европын залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, зэрэг байгууллагын тусламж дэмжлэгтэйгээр НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн алба болон Бүгд найрамдах Австри улсын Засгийн газар Авлигын эсрэг олон улсын академийг 2010 оны есдүгээр сард албан ёсоор нээжээ.

Одоогийн байдлаар нийт 53 улс тус академид олон улсын байгууллагын статус олгох тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, тэдгээрээс 29 улс нэгдэн ороод байгаа юм байна.

Авлигын эсрэг олон улсын академи авлигын эсрэг боловсрол, сургалт, судалгаа, харилцаа хамтын ажиллагааг олон улсын хэмжээнд мэргэжлийн түвшинд хөгжүүлэх үндсэн зорилготой ажээ. Түүнчлэн төрийн болон хувийн хэвшлийн салбар, орон нутаг, бүс нутаг болон олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүхий л төрлийн байгууллагатай хамтран ажиллах юм байна.

Тус академи 2010 оноос эхлэн авлигын эсрэг богино хугацааны сургалт,  семинарыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2011 оны зунаас эрдмийн зэрэг олгох хөтөлбөр болон бусад үйл ажиллагааг бүрэн хэмжээгээр эхлүүлжээ.

Манай улс энэ академид олон улсын статус олгох тухай хэлэлцээрт нэгдэж, цаашид үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцсоноор авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэн шийдвэрлэх чиглэлээр мэргэжилтнүүдийг сургах, давтан сургалтад хамруулах, техникийн туслалцаа авах, мэдээлэл солилцох зэргээр үр дүнтэй хамтран ажиллах боломж нээгдэж, авлигатай тэмцэх ажлын үр өгөөж сайжирна хэмээн Гадаад харилцааны сайд Л.Болд Байнгын хорооны гишүүдэд мэдээлсэн.

Дээрх хэлэлцээрт нэгдэн орсноор дотоодын хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага гарах эсэх талаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж тодруулан асуусан. Харин Гадаад харилцааны яамны ажлын хэсгийн гишүүдийн тайлбарласнаар, дээрх академийн үйл ажиллагаа нь сургалт явуулах, туршлага солилцох чиглэлээр явагдах болохоор дотоодын хууль тогтоомж, эрх зүйн орчинд нөлөөлөхгүй юм байна. Харин ч Авлигатай тэмцэх газрын мэргэжилтнүүд тус академид суралцах, мэргэжил дээшлүүлэх боломж нээгдэх ажээ.

Монгол мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын туршлагыг судлах боломжийг олгох үр өгөөжтэй арга хэмжээ учир дээрх хэлэлцээрт нэгдэн орох нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи үзлээ.

Үүний дараа Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээр ахлуулан байгууллаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top