УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хүнсний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны эхэнд Байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч А.Бакей танилцуулга хийв.
Хуулийн төслийг боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсэг нийтдээ таван удаа хуралдаж асуудлыг нухацтай авч хэлэлцэн зарим нэр, томьёог шинэчлэн мэргэжлийн түвшинд найруулсан байна. Түүнчлэн Ажлын хэсгээс хуулийн төслийн талаар Байнгын хороонд оруулах 49 саналын томьёоллыг томьёолон оруулж иржээ. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Зоригт, С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар, О.Баасанхүү нар асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Б.Гарамгайбаатар гишүүн тавьсан асуултдаа, “Сүүлийн үед хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ихээр орж ирэх болсон. Эдгээр бүтээгдэхүүнүүд хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаад хяналт шалгалт тавигдаж байна уу. Хуулийн төсөлд мах, сүү, гурилаас өөр хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар тусгагдаагүй харагдаж байна. Нэг жишээ хэлэхэд “энергийн ундаа” нэртэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй, хортой гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр их гарсан. Гэтэл тэр бүтээгдэхүүнийг өнөөдөр худалдаад, хүмүүс авч хэрэглээд явж байна. Түүнчлэн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээд хууль зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зэрэг торгуулийн хэмжээ заасан заалтуудыг төсөлд нэлээдгүй оруулжээ. Торгуулиар бүх зүйлийг зохицуулна гэж байхгүй. Иймд торгуулиас гадна стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд олгох урамшууллын механизмын талаар тусгагдсан зүйл байгаа, эсэх талаар” тайлбар авахыг хүссэн юм.
Түүний асуултад Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан өгсөн хариултдаа, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөлд хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар тодорхой тусгагдсан. Харин урамшуулалтай холбоотой асуудлыг хуулийн төслийн долдугаар зүйлд суулгаж өгсөн. Хүнсний бүтээгдэхүүний стандартыг мөрдүүлэх, аюулгүй байдалд хяналт тавигдаж байгаа. “Энергийн ундаа” хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар одоогоор хүний биед сөрөг нөлөөтэй нь тогтоогдсон зүйл байхгүй “гэдгийг хэллээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд, “хуулийн төсөлд энгийн амьдрал дээрх зохицуулалт харагдахгүй байна, уламжлалт аргаар хийгддэг хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд анхаарал хандуулах хэрэгтэй, хүнсний нийлүүлэлтийн сүлжээнд оролцож буй оролцогч бүр шат шатандаа хүнсний аюулгүй байдлыг хангах ёстой” гэсэн байр сууринаас хандаж байлаа. Ингээд гишүүдийн асуулт, хариулт дууссаны дараа Ажлын хэсгээс хуулийн төслийн талаар Байнгын хороонд оруулж ирсэн саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулав.
Мөн хуралдаанаар Байгаль орчин, уул уурхайн салбарт авах арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлах байсан боловч тогтоолын төслийг дахин сайтар нягтлан үзэж, засч сайжруулах шаардлагатай хэмээн гишүүдийн олонхи үзсэнээр уг асуудлыг дараагийн хуралдаанд оруулж ирэхээр тогтов.
Байнгын хороо 16.00 цагаас дахин хуралдаж Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )