АН-ынхны заль

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 29

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд таван нэр дэвшигчийг УИХ-ын гишүүний тангараг өргөх асуудал байсан юм. Харин энэ дараалал гэнэт л өөрчлөгдөж таван хүний тангараг өргөх асуудлыг өнөөдрийн чуулганы хамгийн сүүлд "зоов". 

Үүнийг ийм байдлаар хардаж болохоор байгаа юм. Юу гэвэл өнөөдрийн чуулганаар үндсэн дөрвөн асуудал хэлэлцэнэ. Чуулганы ирц бүрдэж, эхлэх гэсээр байтал 11 цаг болно. Мэдээж хэрэг үдээс өмнөх хуралдаанд МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд сууж л таараа. Харин эхний гурван асуудлаар хэлэлцсээр байтал завсрлах цаг нь болно. Үдээс хойшхи хуралдаан МАН-ын гишүүдтэй, гишүүдгүй эхэлнэ. Яагаад гэвэл үдээс хойшх чуулганы  ирц үдээс өмнөх ирцээрээ явах учраас... Тэгээд Өвөрхангайн маргаантай хоёр "нөхөр" УИХ-ын гишүүний тангарагаа шууд өргөнө.

Мэдээж хэрэг үүнээс өмнө АН-ынхан бие даан нэр дэвшигч болон ИЗНН-ыхныг "найрч" өөрийнхөө талд оруулна. Энэ бол АН-ынхны гаргаж байгаа заль юм. Харин яг одоогоор чуулганы танхимд АН-ын есөн гишүүн л байна. Энэ тоо нэмэгдэх нь тодорхой.

Энэ дашрамд дуулгахад өнөөдрийн чуулганыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар тасалсан байна. Тэрбээр АНУ-д яваа аж. Харин УИХ-ын гишүүн Д.Батцогт, М.Сономпил, Д.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарын бие чилээрхсэн учраас өнөөдрийн чуулганд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа. Харин бие даан нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон Х.Болорчулуун Дорнод аймагт ажиллаж байгаа бол Я.Санжмятав Дорнод аймагт ажиллаж байна. Харин УИХ-ын гишүүн М.Батчимэг, Р.Бурмаа,  С.Одонтуяа, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар УИХ-аас томилолт аван гадаад улсад ажиллаж байгаа аж. Мөн УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, Ч.Улаан нар Засгийн газрын шийдврээр мөн гадаад улсад ажиллаж байгаа гэнэ.

А.Баярмаа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top