С.Сүхбаатар: Ц.Элбэгдоржийн ярьдаг “шударга” шүүх нь АН-ын талд л ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 29

Дундговь аймагт орон нутгийн хурлын сонгууль амжилттай болж, элдэв маргаан будлиан гараагүй байсан ч МАН-аас ялалт байгуулсан нэр дэвшигчдийг хууль бусаар эргүүлэн татахаар оролдож байгаа аж. Энэ тухай Дундговь аймгийн МАН-ын хорооны дарга С.Сүхбаатартай ярилцлаа.

 
-Дундговь аймагт ямар нөхцөл байдал үүсээд байгаа вэ?

-Дундговь аймгийн орон нутгийн хурлын сонгуульд МАН ялалт байгуулсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 35 суудлын төлөө намууд өрсөлдөж, МАН 19 суудал, АН 15 суудал, МАХН нэг суудал авсан. Сонгуулийн дүнд ямар нэг будлиан, ирцийн асуудал байхгүй.

Харин АН ялагдлаа хүлээн зөв­шөө­рөхгүй, манай нэр дэв­шигчдийг ямар нэг аргаар нэр татуулахаар зүт­гэж байна.

Тэд Сонгуулийн хуулийн цоорхойг ашиг­лаж эхэлсэн. Сонгуулийн хуулийн 34.8.4-т зааснаар сонгуулийн сурталчилгаанд ямар нэгэн шашны зан үйл ашиглах, шашны холбогдолтой эд зүйлс тараах, нэвтрүүлэг, дуу дүрс ашиглахгүй гэсэн байдаг. Яг энэ заалтыг ашиглаад МАН-аас нэр дэвшсэн дөрвөн хүний нэрийг татуулах гэж байна. Найз лам, далай ламтай авахуулсан зургаа сурталчилгааны материал, танилцуулгадаа оруулсан байсныг нь шашны зан үйл эсвэл нэвтрүүлэг, дүрс дуу ашигласан гэж үзээд шүүхэд өгчихөж байгаа юм.


-Эсрэг намуудаас тийм тохиолдол гарсан уу. Нийт хэдэн  хүнд  ийм зүйл ажиглагдсан бэ?

-Манай намаас дөрөв, АН-аас гурван хүн байгаа. МАН-ын дөрвөн хүний нэрийг татна гээд шүүх шийдвэр гаргачихсан. Харин АН-ын гурван хүнийг бид шүүхэд өгөхөд нэгийг нь татаад нөгөө хоёрыг нь хэрэгсэхгүй болгочихсон. Нэг ёсондоо АН-ын ганцхан хүний нэрийг татуулж ам таглаад, нөгөө хоёрыг нь зүв зүгээр үлдээчихэж байгаа байхгүй юу.

Угтаа  бол яг л адилхан ламтай авахуул­сан зураг сурталчилгааны материалд нь байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нөгөө “шударга” гээд цоллоод байгаа шүүх нь МАН, АН хоёрт  тэнцвэргүй хандаж байна. Яг адилхан ламын зураг ашигласан байхад МАН-ын дөрвөн хүнийг татсан хэрнээ АН-ын хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй бол­гочихлоо.


-Нэрээ татуулах гээд байгаа дөрвөн хүн ямар зураг ашигласан юм бол?

-Далай лам, Д.Чойжамц хамба, бурханч лам Г.Пүрэвбаттай авахуулсан зураг, манай нутгийн нэртэй хувилгааны хойд дүрээр тодорсон нэг жаахан хүүхэдтэй авахуулсан зурагнууд байна лээ.

Мөн найз ламтайгаа авахуулсан зургийг танилцуулга хуудсандаа оруулсан байсан. Манай нэр дэвшигчид буд­дын шашин шүтэж, сүслэн биширдэг хү­мүүстэйгээ зургаа авахуулсан байлаа гээд тэрийг сонгуулийн сурталчилгаанд шашны дүрс ашигласан гэж үзэж болохгүй л дээ.

Тэрийг нь АН шууд шүүхэд өгч, хүс­лээрээ шийдвэр гаргуулж, сонгуулийн ко­мисс тэрийг нь үг дуугүй шууд биелүүлж байна. Энэ бол ерөөсөө хуулийн дагуу үйл ажил­лагаа биш, хуулийг өөрсдийн хүссэнээр тайлбарлаж, өөрсдийн хүслээр хууль шүү­хийн байгууллагыг хөдөлгөж байгаа хэрэг юм.


-Ламтай зургаа авахуулсан хүн нэрээ татуулж байгаа юм чинь лам хүн бол бүр дэвшиж, сонгогдож болохгүй нь ээ?

-Бараг л тийм болж таарч байна. Лам хүн ламын хувцсаа өмсөөд явахаар тэрийг сурталчилгаа гэж үзэх гээд байна л даа. Манай нэр дэвшигчид шашны зан үйл явуулаагүй, шашны эд зүйлс тараагаагүй. Уг нь Сонгуулийн тухай хуулийн 34.8.8-д шашны зан үйлтэй холбоотой заалтыг тодорхой зохицуулж, зааглаж өгсөн байдаг юм билээ. Энэ маш их чухал заалт. Шүтэх эс шүтэх эрх чөлөө, төр шашны харилцаа, шашны талаарх бодлого үйл ажиллагааны тайлбарыг шашны зан үйл ашигласан гэж үзэхгүй гэж заасан.

Өөрөөр хэлбэл, шашны зан үйлийг явуулж болохгүй гэсэн нэрийн дор бүх сурталчилгааг боомилж, тэр заалтыг хавтгайруулан хэрэглэж болохгүй гэсэн зааг юм. Яриад байвал Үндсэн хуульд хүртэл шашин шүтэх, эс шүтэх тухай хүртэл заалт байгаа. Далай ламтай зураг авахуулснаараа сонгогдох эрхгүй болдог тийм хууль гэж юу байх вэ дээ. Үндсэн хуулийн дээгүүр гардаг Сонгуулийн хууль гэж байхгүй шүү дээ.


-Анхан шатны шүүхээс гаргасан нэр татуулах шийдвэрийг давж заалдах шатанд хандаж үзсэн үү. Эсвэл Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гомдол гарах уу?

-Тэр бүх арга хэмжээг бодож байна. Ламтай зураг авахуулсан чинь буддын шаш­ныг шүтдэг гэдгийг л илэрхийлэхээс биш сонгуулийн сурталчилгаанд шашны зан үйл ашигласан хэрэг биш шүү дээ. Манай нэр дэвшигч бурханч лам Г.Пүрэвбатаар ном уншуулаагүй, Далай ламаар үг хэлүүлээгүй. Сонгогчдод нөлөөлөх ч боломж байхгүй. Хуулийг дээд зэргээр мушгин гуйвуулж, хууль шүүхийн байгууулага нь АН-д худал­дагдчихсан байгааг илэрхийлж байгаа юм.

Бид давж заалдахаар бэлдээд байж байна. АН ямар нэг аргаар Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг гартаа авахын тулд шүүх, СЕХ гээд бүгдийг хөдөлгөж байна. Ард иргэд сонголтоо хийх ямар ч шаардлагагүй шахуу болж байна шүү дээ. Тэдний сонголтыг шүүх өөрчлөөд л түүнийг нь сонгуулийн хороо зөвшөөрөөд л бол оо. Одоо Дундговь аймагт ард иргэдийн сонголтыг үл хамааран АН, МАН-ын байрыг шууд солих гэж байна. Манай дөрвөн нэр дэвшигчийг татаад оронд нь АН-ын хүмүүс гарч ирнэ. Тэгээд АН олонх болно доо.


-Сонгуулийн үеэр өөр ямар нэгэн хууль зөрчсөн өөр үйлдэл  гарсан уу?

-АН-ын зүгээс хууль зөрчсөн үйлдэл гарсан. Есдүгээр сарын 7-нд Мандалговьд АН маш том наадам зохион байгуулсан. “Ардчилал 2012” гэсэн нэртэй наадмыг Б.Наранхүү ивээн тэтгэж, аймгийн төвийг АН-ын тугаар дүүргэсэн. Хурдан наадмын байнд  УАЗ 469, мотоцикл зэргийг өгч байсан. Энэ чинь нөгөө эд зүйл өгөх, шагнал урамшуулал өгч болохгүй гэсэн хуулийг нь зөрчөөд байгаа юм.

Ардчилсан  нам наадам зохион байгуу­лаад, хүмүүст шагнал өгөөд, тугаа хатгаад өөрс­дийгөө сурталчилсан байхад тэрийг одоо хүртэл хэн ч ярихгүй байна. Тэр машин өгч байгаа, мотоцикл өгч байгаа зураг, дүрс бичлэг, бүх нотлох баримт нь байгаа.

Сая сонгуулийн яг өмнөхөн маш олон хүн зөөсөн. Зохион байгуулалттайгаар Дундговийн харьяалалтай оюутнууд, иргэдийг автобусаар зөөж, санал татахаар оролдсон. Гэвч МАН ялсан. Хууль зөрчөөд, зөрчөөд дийлээгүй. Одоо бүр хууль зөрчих биш хуулийн байгууллагыг өөрсдийн дураар хөдөлгөж, асуудлыг шийдвэрлэх арга зам руу орлоо.

Энэ бүх хууль зөрчсөн, хуулийг уландаа гишгэсэн үйлдлүүд бол хууль шүү­хийн байгууллагыг мэдэлдээ авсан Ц.Элбэгдоржийн буруу ч гэж хэлж болно. Түүний яриад байгаа шинэчлэгдсэн, шударга шүүх нь өнөөдөр АН-ын талд л үйлчилж, тэдэнд ашигтай шийдвэр гаргадаг болж өөрчлөгдсөн байна.

Эх сурвалж: "Улаанбаатар Таймс"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top