УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдааны эхэнд тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг ирцийн хамт танилцуулсны дараа хэлэлцэх асуудлын дараалалд асуудал нэмж оруулах саналтай байгаа тухай УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэлэв. Тэрээр, ирэх оны төсөв батлагдсантай холбоотойгоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж төсөв хувиарлах зайлшгүй шаардлага бий болоод байгаа тул Зөвлөлийн дүрмэнд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл санаачилж, боловсруулсанаа хэлэлцүүлэхээр оруулж ирсэн байна.
С.Эрдэнэ гишүүний саналыг гишүүд дэмжсэнээр хоёр асуудал шийдвэрлэхээр байнгын хорооны хуралдаан эхэлсэн.
Эхлээд Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн боловсруулсан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй 10 гаруй саналуудыг санал тус бүрээр хэлэлцэж шийдвэрлэв. Хэлэлцүүлгийн үеэр уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, НҮБ болон дэлхийн улс орнуудын баримталж байгаа бодлогоос харахад бид халдвар тээж яваа иргэний эрхийг хамгаалахад онцгой анхаарч тухайн иргэнийг албадан шинжилгээ, эмчилгээнд оруулах бус өөрийн сайн дурын үндсэн дээр шинжилгээ өгөх гэх мэт эерэг зөөлөн байдлаар хандах нь зүйтэй гэсэн байр сууринаас хандахаар төслийг боловсруулсан гэв. Ц.Оюунгэрэл гишүүн, төсөлд тусгагдсан эмнэлэгт ХДХВ-ийн халдвар тархахгүй байх нөхцөл бүрдүүлэх гэсэн саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ажлын хэсгийнхэнээс асуусан. Ажлын хэсгийн гишүүн Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн түүний асуултад, эрүүл мэндийн байгууллага эмнэлэгт ашиглагдаж байгаа аливаа донорын бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчид очих хүртэл нь аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар манай улсад эмнэлгээс шалтгаалсан халдвар нэг ч бүртгэгдээгүй байгаа гэв.
Ингээд зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж дууссаны дараа төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжин санал, дүгнэлтийг гишүүн Г.Баярсайхан танилцуулахаар тогтлоо.
Хуралдааны төгсгөлд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмэнд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг мөн санал нэгтэй дэмжин баталсан. Тогтоолын төсөлд зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагааг чанаржуулах, албаны даргатай тооцох хариуцлагыг тодорхой болгох үүднээс ажлын албаны дарга болон эрүүл мэндийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаас бусад ажилтнуудыг ажлын албаны дарга нь томилдог байхаар, ажлын алба нь үйл ажиллагаандаа мөрдөх дүрэм журамгүй байгаа тул журамтай байхаар тус тус тусгажээ. Тогтоол батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөнө.
Сэтгэгдэл ( 0 )