Ой тогтоолтын тамирчдад УИХ-ын гишүүн Н.Батцэрэг туслахаа амлав

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 29

 

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн  Х.Хатанбаатар,  С.Акжол, С.Цогбадрах,  Т.Мягмарсүрэн, Б.Ганбаяр, Б.Анар нар УИХ-ын гишүүн Н.Батцэрэгтэй уулзлаа.  Уулзалтын эхэнд залуус өөрсдийн оролцсон тэмцээн, уралдааны амжилтуудыг  танилцуулсан юм.  Монголын Оюун Ухааны академийн захирал Х.Хатанбаатар энэ үеэр: “ Монгол хүний оюуны патенциаль өндөр байдаг.  2009 оны 9-р сараас эхлэн  ой тогтоолтын чиглэлээр сургалт явуулж байгаа. Шавь нарын маань хамгийн бага нь 5 настай бол хамгийн ахмад нь 73 настай.  Өөрөөр хэлбэл энэ спортоор хэдэн ч  насны хүн хичээллэх боломжтой” гэдгийг онцлов.

Харин УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: “Дэлхий нийтээрээ өрсөлдөөнд амьдарч байгаа.  Өрсөлдөөн дундаас оюун ухааны өрсөлдөөн бол  тэргүүн зэргийнх.   Дэлхий нийтийн тэмцээнд  амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргасан та бүхнийг сайшааж байна.  Үүгээр зогсохгүй  санхүү талаас нь төрөөс дэмжлэг үзүүлэхэд анхаарах болно.  Хэдийгээр ирэх жилийн төсөв батлагдсан ч дараа жилүүдээс нь туслах боломжтой.  Үндэснийхээ нэр хүндийг өргөсөн нь үнэлж барашгүй том гавъяа юм” хэмээн залууст тусламж үзүүлэхээ илэрхийллээ.  Тэрбээр энэ үеэр  ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээний товыг асууж,  шаардлагатай зарим хүмүүсийг холбож өгөхөө амлан ой тогтоолттой холбоотойгоор мэдээлэл авч байсан юм. 

Дашрамд дурьдахад  манай улсад ой тогтоолтоор хичээллэдэг 200 орчим  тамирчин байдаг юм байна. Тэдгээр нь нь бүгд Х.Хатанбаатарын  шавь бөгөөд  гаргасан амжилт нь чамлахааргүй их ч төрөөс урамшуулсан зүйл байдаггүй ажээ. 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top