С.Баярцогт ичгүүргүйгээр худлаа ярив

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 29

“Оюу толгой”-н гэрээний талаархи халз мэтгэлцээн дээр С.Баярцогт ичгүүргүйгээр худлаа ярив. Ямар ойворгон, тэнэг этгээд болохоо ч харууллаа. Цаад Канадууд нь “бидний эдийн засгийн модуль 50 өгөгдөлтэй, 20000 хувьсах үзүүлэлттэй, үүгээр бодохоор монголд ашигтай гарч байгаа” гэж ойлгуулж л дээ.

Мань Баярцогт өөрөө ч мэдэлгүй тархиа угаалгачихаад “модуль”-д шүтэн биширч, юу яриад байгаагаа ч ойлгохгүй магтан сайрхаж байна.

Уурхайд 5 монгол хүн ажиллавал ашиг нь нэг өөр, 10 хүн ажиллавал бас нэг өөр гарна гэх мэтээр 1 сая хувьсах үзүүлэлттэй ч модуль зохиож болно. Харин ингэж олон өгөгдөл оруулах нь зөвхөн хууран мэхлэх тархи угаах арга болохоос өөр ямар ч ач холбогдолгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Тэгээд ч ийм олон өгөгдөл, хувьсах үзүүлэлттэй бодолтыг Канадын зохиосон программ гэгчээр нь бодохоос бус Баярцогт мэт нь түүний учрыг нь ч олохгүй.

Гэтэл өөрөө бодчихсон мэт тэр модулиар гайхуулах нь тэнэг хүн тэнэгээ гайхуулснаас өөрцгүй хэрэг. Өөр бас нэг тэнэглэл нь Монголд ямар ч эрсдэлгүй гэж залав.
Гэтэл хамаг эрсдлийг нь Монгол улс үүрнэ. Баялагийг нь ухаж авсан аварга том ангал нүх, ямар ч амьдралгүй сарны гадарга мэт, усгүй ангамал цөл үлдэнэ. Дээрээс нь бас өртэй үлдэнэ. Энэ тэгээд эрсдэл биш юм уу?!

Харин харамсалтай нь ийм ойворгон тэнэг байдлыг ухаантай, мэдлэгтэйн илэрхийлэл гэж хүлээж авдаг, хүний үг ойлгодоггүй, үнэн худлыг, буруу зөвийг ялгах чадваргүй этгээд бүр ч олон юм байна. Уг нь С.Ганбаатар гэрээний талаар ойлгомжтой, соёлтой ярьсан боловч түүнийг ялагдлаа хэмээн “орилж” хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгааг үзээд “мундашгүй эрдмийг сурахад нас яасан богино, мунхагуудын дунд амьдрахад нас яасан урт юм” гэж халагласан их эрдэмтний үг эрхгүй санагдлаа.

Юм ойлгох чадваргүй тэр хэсэгт зориулж уг гэрээг харилцан ярианы үгээр тоймлон хөрвүүлье.

-Танай энэ газар доорхи “дэмий хэвтэж байгаа” баялгийг чинь бид авъя!

-Тэгээ тэг.

-Тэгэхдээ бидэнд бас энэ газрыг чинь ухах хүрз жоотуу авах мөнгө дутаад байна аа.

-За яах вэ тэр хүрз жоотуу авах мөнгөний чинь хагасыг манайх өгье. Тэгэхдээ одоо биш. Чи юу ч гэсэн энд тэндээс мөнгө зээлээд авч бай.

-Бид мөнгө зээлэхлээр хүүний өрөнд орно шүү дээ.

-За яах вэ тэр хүүг нь бид бас нөхөж өгье.

-Өө, тэгвэл та нар биднээс хүүтэй мөнгө зээлээч!

-Тэгье ээ тэгье. Бидэнд одоогоор бэлэн мөнгө хэрэгтэй байгаа.

-За бас нэг зовлон байна аа. Бид эндээс чинь алт эрдэнэсийг чинь ухаад авчихлаар манай улс биднээс татвар авна. Тэгэхлээр бид та нарт бол татвар төлж чадахгүй шүү!

-За яах вэ, цаанаа төлсөн татварыг чинь бидэнд өгсөнд тооцъё.

-Бас нэг юм байна аа. Ухахад их зардал гарна. Тэгэхээр бид алдагдалтай ажиллавал яах вэ?

-За тэгвэл бидэнд юу ч өгөхгүй л бай л даа. Бид татвараас яаж ийгээд чөлөөлөөд байя.

-Бас нэг юм байна аа. Эрдэнэсийг чинь ухаж авахад энд ус хүрэлцэхгүй юм байна шүү дээ.

-За яах вэ байгаа усыг нь шавхаад авч л бай, та нарын мэдэлд бүрэн өгье. Бид бас Орхон голоос ч болтугай ус татаад өгөхийг бодъё. Ямар ч гэсэн хэрэгтэй юм аа авахад чинь бид бүх л хэрэгтэй зүйлээр туслана.

-Орхон голоос ус татахад бид оролцохгүй шүү!

-За яах вэ, бид Азийн хөгжлийн банкнаас зээл аваад тэр асуудлыг чинь зохицуулаад өгнө.

-Тэгээд үүнийг танай ард түмэн зөвшөөрөхгүй гэвэл яах юм бэ?!

-Яах вэ дээ гэрээндээ их татвар авна, монголчууд ажилтай болно гэх мэтээр олон сайхан заалт оруулчихъя.

-Өө тэгвэл та нар амнаасаа буцаж биднээс өчнөөн юм нэхэх нь байна шүү дээ!

-Хаанаас даа гэрээндээ та нарын үүрэг хүлээсэн бүх заалт зөрчигдсөн ч эрдэнэс баялгийг авах гэрээ нь цуцлагдахгүй гээд оруулчихъя.

-Танайхан тэгээд биднийг ийм их баялаг авлаа гээд хянаад хэл ам хийгээд байх юм биш биз!

-Хаанаас даа. Манайх 34 хувь гээд заачихсан болохоор та нарын хичнээн юм авч байгааг хянах бололцоогүй шүү дээ.

-Танай гудамжныхан эзэмших хувиа 50-аас дээш болгоно гээд хэрүүл хийгээд байгаа шүү дээ.

-Тэгвэл гэрээндээ монгол 50 хувийг авсан ч хяналтын саналын эрхгүй байхаар заачихъя.

Гэрээний утга ийм. Энэ тэгээд монгол улсад ашигтай байна уу?!

Хэрэв энэ бүхнийг Хөрөнгө оруулагчийн гэрээ, Хувь нийлүүлэгчийн гэрээ гэх хоёр тусдаа баримт бичгүүдээс нягталж харахаас төвөгшөөж байвал манай Засгийн газрыг төлөөлж уг гэрээг байгуулагчдыг эх орноосоо урвасан хэмээн үзэж 2011.01.18-нд уг хэргийг шалгуулахаар хууль хяналтын бүх байгууллагад хандаж өгсөн доорхи өргөдлөөс та бүхэн тодруулж харж болно.

ӨРГӨДӨЛ

Эх орноосоо урвасан
хэргийг шалгуулах тухай

УИХ-ын гишүүн С.Баяр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж, Засгийн газрыг тэргүүлж байхдаа эрх мэдлээ ашиглан УИХ-д тулган зөвшөөрүүлж, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гарын үсэг зурж, Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай байгуулсан Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын, мөн хувь нийлүүлэгчийн гэрээ гэгч нь Монгол улсын эрх ашгийг ноцтой хохироосон, тонон дээрэмдэх шинж чанартай луйврын гэрээ болсон байна.
Өөрөөр хэлбэл Монгол улсын засгийн газрыг төлөөлсөн дээрх нэр бүхий этгээдүүд /Санжийн Баяр, Сангажавын Баярцогт, Дашдоржийн Зоригт, Лүймэдийн Гансүх нар/ эх орноосоо урвасан байна.

Ингэж дүгнэж буй шалтгаан нь дээрх гэрээнүүдийг хийхдээ анхнаасаа Монголын нийт ард түмний өмч болсон их баялгийг хууран мэхлэж луйвардах санаа зорилгыг агуулсан байжээ. Гэрээний заалт эхнээсээ аваад дуустал зөвхөн Хөрөнгө оруулагч гэх гадаадын компаниудын ашиг сонирхлыг хангаж, харин ямар ч нөхцөлд Монголын талд ашиггүй байхаар хийгдсэн байна.

Тухайлбал: “Хөрөнгө оруулалтын гэрээ”- г байгуулахдаа “… Айвенхоу Майнз Лимитед болон Рио Тинтогийн хооронд 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Хувьцаа борлуулах тухай гэрээ /өөрчлөлтийн хамтаар/-г тус тус иш үндэс болгов.” гэж тодорхой дурьдсан байна. Тодруулж хэлбэл Монгол улсын баялагийг ашиглахтай холбогдсон гэрээг Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, түүний үзэл баримтлал, монгол улсын эрх ашгийг биш, харин хувьцаа борлуулахаар хоорондоо байгуулсан гадаадын хоёр компанийн гэрээг иш үндэс болгож хийсэн нь хэний эрх ашигт нийцүүлэхийг зорьсныг гэрээний эхнээс л илэрхийлж байна.

Энэчилэн хөрөнгө оруулагч гэх гадаадын компаниуд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан ч ямар ч хариуцлага хүлээхгүйгээр Оюу толгойн баялгийг ухаж авсаар байх нөхцлийг гэрээний заалтад оруулж өгсөн байна. Тухайлбал Хөрөнгө оруулалтын гэрээний 15.29-д “Хэрэв энэхүү Гэрээний аль нэг заалт ямар нэг шалтгаанаар хэрэгжих боломжгүй болох нь тогтоогдсон бол тухайн заалтыг Гэрээнээс тусад нь авч үзэх бөгөөд энэхүү Гэрээний үлдсэн хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна.” Гэж заажээ. Гэрээний заалт зөрчигдөхөд яахаараа гэрээнээс тусад нь авч үзэх болдог билээ?!

Өөрөөр хэлбэл байгаль орчинг яаж ч сүйтгээд гэрээгээ яаж ч зөрчөөд, монгол улсад өчүүхэн ч ашиг өгөхгүй байлаа гээд уг гэрээ цуцлагдахгүй байх нь ээ. Тэгээд ч Монгол улсад ер нь өчүүхэн төдий ч ашиг орлого оруулахгүй, ямар нэг татвар төлөхгүй байх талаар нарийн бодож тооцож энэ гэрээг хийсэн байна.

Тухайлбал уг гэрээний 2.11-д “Хөрөнгө оруулагчийн гадаад улсад төлсөн албан татварт хөнгөлөлт үзүүлж болно” /юуны ямар татвар гэдгийг зааж хязгаарлаагүйгээр/ гэж заасан нь Манайд битгий татвараа төл, гадаад улсад татвараа төлсөн байна гээд бид татвараас чөлөөлж байя” гэж илэрхий Монгол улсын эрх ашгийг хохироосон тохиролцоо хийсэн байна../Яахаараа монголд үйл ажиллагаа явуулж байгаа компани, тэр тусмаа монголын баялагаас олж байгаа ашгаас гадаадад татвар төлж болоод байдаг, тэр нь манайд татвараас чөлөөлөгдөх эрхийг эдлэж байх ёстой юм бэ?!/

Гэтэл дараагийн заалт нь /2.12./ нөгөө санаа зорилгоо бүр ч тодорхой илэрхийлж “Хөрөнгө оруулагчийн татварын алдагдлыг ирээдүйд шилжүүлэн уг алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан 8 /найм/ жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцно.” гэж, тэгэхдээ бүр 100 хувь хүртэл хасч тооцох заалт оруулсан байна.

Ингэснээр манайх алдагдалтай гарлаа гэж нэг хоёр жил явахад дараа нь 8 жил ямар ч татвар төлөхгүй явж болохоор байна. Тэр ч байтугай манай улс үл хөдлөх хөрөнгөнөөс нь ч татвар авах боломжгүй болгохын тулд элэгдэл хорогдлын шимтгэлийг жилд 40 хувь байхаар зааж өгсөн байна. 2 жил хагасын дараа гэхэд л үл хөдлөх хөрөнгө нь элгэдэл хорогдлын шимтгэл нь хийгдэж дуусаад татвар төлөх үл хөдлөх хөрөнгө тэг болох нь ээ. Энэ мэтээр элэгдэл хорогдлын шимтгэл хийж ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хүртэл байхгүй болгох аргыг бодож олсон байна.

Энэ бүхнээ бататгаж 2.13-т “Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдуулах орлогоос аль нэг татварын жилд хасагдах алдагдлын хэмжээнд хязгаарлалт тавихгүй. Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлогын дүнд алдагдал тооцох хэмжээ 100 /зуу/ хувь байж болно” гэжээ. Ер нь яаж ийгээд 70 жил алдагдалтай ажиллуулаад байхад бид хязгаар тавихгүй шүү л гэж шулуухан зөвшөөрч, дураараа дургих эрхийг нь тавьж өгчээ.

Мөн дараагийн нэг заалтад /2.16./ дээрх санааг лавшруулж “Оюу толгой төсөлтэй холбоотой урсгал засвар, үйлчилгээний зардал болон бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр /түүний дотор Менежментийн үйлчилгээний төлбөр/-ийг тухайн жилийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно.” гэх мэтээр татвар төлөх бүх нөхцлийг үндсэндээ үгүй хийсэн байна. Бүр яль шалихгүй төлбөр, авто зам ашигласны төлбөр хураамжаас ч бүрэн чөлөөлжээ.

Энд нэмэж хэлэхэд хаалтанд бичигдсэн Менежментийн үйлчилгээний төлбөр гэгчээ Хувь нийлүүлэгчдийн гэрээний 6.4-ийн (I), (II) –т бүр лавшруулан “Гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлэх хүртэл хугацаанд Үндсэн хөрөнгийн зардал болон үйл ажиллагааны зардлын нийт дүнгийн 3 хувь, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлэснээс хойш мөн нийлбэр дүнгийн 6 хувь байхаар заасан нь увайгүй луйварчдын санаа зорилгыг бүр ч тодорхой харуулж байна.

Энэ нь хөрөнгө оруулалт гэж яриад байгаа хөрөнгө нь манайд өгч байгаа 6 хувийн хүүтэй зээл болж таарч байна. Банкнаас зээл авч хүүтэй нь төлөх, дээрээс нь үйлдвэрээ банканд өгөх тохиролцоотой гэрээ байж таарах уу?! Манай баялгийг ав, дээрээс нь чамд өр төлж байя гэж гэрээ хийх нь эрүүл ухаантай хүн хүлээн зөвшөөрөх тохиролцоо мөн үү!

Тэр ч байтугай энэ гэрээ гэгчээр баялагаа харийнханд өгөхийн тулд Монгол улс ямар нэг саад болохгүй байх үүрэг гадны компаниудын өмнө хүлээснээс бус гадны компаниуд ямар ч үүрэг хүлээгээгүй байна.

Энэ тухай Хөрөнгө оруулалтын гэрээний 1.8-д “Энэхүү Гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд Талууд гарын үсэг зурж, Хөрөнгө оруулагчийн нийт энгийн хувьцааны 34 /гучин дөрөв/ хувьтай тэнцэх энгийн хувьцааг Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу шинээр гарган Төрд шилжүүлснээр … Хөрөнгө оруулагчийн хүлээх бүх үүргийг хангаж байгааг зөвшөөрч байна.” Гэж заасан байна. Монгол улсад 34 хувийг нь өгч байна гэж хэлээд хэдэн хувьцааны бичиг гэх цаас атгуулаад л түүнээс цааш ямар ч үүрэг хүлээхгүй болох нь л дээ. Гэхдээ энэ нь хоосон цаас ч биш харин өрийн бичиг болж таарч байгаа нь бүр эмгэнэлтэй.

Уг нь Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг нь хэдийд хэн нь хэр хөрөнгө оруулах, хэн нь ямар ажлууд хийх, хэзээ бэлэн болгох, үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналтаа яаж тавих, ямар эрх үүрэгтэй оролцох, эрх ашгийн харилцан тэнцүү байдлыг хэрхэн хангах, хариуцлагыг яаж тооцох талаар цаг хугацаатай, хэмжээ хязгаартайгаар тодорхой заагдсан баймаар. Гэтэл энэхүү гэрээнд Монгол улс гадаадын компанийн бүх хүсэлтийг толгой дохин зөвшөөрч, “та өөрөө л мэдээд хийгээд бай” гэсэн бүрэн эрх чөлөө олгосон нь харийн түрэмгийлэлд эзлэгдсэн орны ард иргэдэд эзлэн түрэмгийлэгчид буу тулган хүсэл зорилгоо зөвшөөрүүлсэн мэт сэтгэгдэл төрөхөөр болжээ.

Монгол улс зөвхөн тэр хувьцаа гэгч өрийн бичгийнх нь төлөө, бүр тодруулбал тэдэнд баялагаа өгөхийн тулд тухайн орон нутгийн цэвэр усны нөөцийг хүртэл тэдний мэдэлд өгч, татварыг хөнгөрүүлсэн хуулийг хүртэл тэдэнд зориулан гаргасан, Дээр нь бүр аливаа хүсэлтийг нь татгалзах боломжгүйгээр эрх зөвшөөрлийг нь өгч байхаар гэрээнд заажээ.

Гэтэл манайд оногдох 34 хувь гэгч нь чухам хэдэн хувь нь юм бэ?!
Гэрээнд хөрөнгө оруулалтын гээгүй, хөрөнгө оруулагчийн гэж заасан байна. Тэгвэл гэрээний эхэнд хөрөнгө оруулагч гэж хэнийг нь хэлээд байгаагаа ялгаж тодосгон

“Айвенхоу Майнз Монголия Инк ХХК /цаашид “Хөрөнгө оруулагч” гэх/,

Айвенхоу Майнз Лимитед /цаашид “Айвенхоу Майнз Лимитед” гэх/,

Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед /цаашид “Рио Тинто” гэх/

хооронд энэхүү гэрээ /цаашид “Гэрээ” гэх/-г 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулав.” Гэж заажээ.

Эндээс Хөрөнгө оруулагч нь Айвенхоу Майнз Монголия Инк ХХК юм байна гэсэн ойлголт төрнө. Хэрэв тийм юм бол ганцхан түүнтэй л Хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулахгүй юунд Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед гэсэн тус тусдаа бие даасан эрх бүхий компаниудыг энэ гэрээнд холилдуулж оролцуулаа вэ?! Гэсэн асуулт гарч ирнэ. Хариулт нь тодорхой. Луйвар хийхийн тулд тэдний нэрийг оруулах шаардлага гарчээ.

Өөрөөр хэлбэл Монгол улс зөвхөн Айвенхоу Майнз Монголия Инк ХХК-ийн нийт энгийн хувьцааны 34 хувийг эзэмшихээр гэрээнд заасан. Өнгөн талаас нь харвал Монгол улсын Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлж 34 хувийг нь Монгол улсад өгөх юм байна гэсэн ойлголтыг Монголын ард түмэнд өгч мэхлээд, үнэн чанартаа ямар ч үнэ цэнэгүй, өчүүхэн ч хувь, ашиг хүртэхгүй хоосон цаас атгуулчихаад сохор зоос ч өгөлгүй Монгол улсыг луйвардах, баялагийг нь цөлмөх луйврын бүх бололцоог энэ гэрээгээр хангаж өгсөн байна.

Дээр нь бас хувь нийлүүлэгчдийн гэрээ гэгчээр Монгол улсыг луйвардах далд тохиролцоог Монгол улсын засгийн газрыг төлөөлсөн дээрх нэр бүхий этгээдүүд нарийвчлан хийж, тиймээс ч түүнийгээ ард түмнээс нууцалж байжээ.

Хамаг будлианы хөрөнгө болсон энэ хувь нийлүүлэгчдийн гэрээ гэгчид Айвенхоу Оюу Толгой (АйВиЭн гэх) /Виржинийн арлуудад бүртгэлтэй/, Оюу Толгой Нидерланд Би.Ви (ОТН гэх) /Нидерландад бүртгэлтэй/ гэсэн шинэ нэрс гарч ирсэн нь бас л луйврын үйл ажиллагаа хийхийн тулд хиймэл сахал тавьж зүсээ хувиргаж байгаа нь тэр ажээ. Хувь нийлүүлэгч гэсэн сайхан нэрийн дор Монголын төрд өгөх хувьцаа гэгчээр мөнгө хүүлэх арга сэджээ. Монгол улсын баялгийг зүгээр авсныхаа хариуд өгч “гийгүүлэх” хувьцаа гэгчийг Монгол улс зүгээр ч нэг худалдаад авчихгүй юм байна.

Хувь нийлүүлэгчдийн гэрээний 10.1-д зааснаар АйВиЭн-ийн санхүүжүүлэгч гэх этгээд Монголын талын өмнөөс төлбөрийг хийж дараа нь Монголын тал түүнд 9.9 хувийн хүүгийн хамтаар төлөх үүрэг хүлээжээ. Үүний тулд энэ өрийн нөхцлийг баримтжуулах зорилгоор тусгайлсан гэрээг Монголын тал АйВиЭн-ийн санхүүжүүлэгчийн хооронд энэ гэрээний нөхцөлд нийцүүлэн байгуулах ажээ.

Мөн давуу эрхийн хувьцаа буюу санхүүжүүлэх хувьцаа гэгчийг гаргаж АйВиЭн, ОТН, эсвэл тэдгээрийн томилсон этгээдэд эзэмшүүлэн бүх хувьцаанд улирал тутамд ноогдол ашиг төлөхөөр заажээ. Өөрөөр хэлбэл Монголын талын энгийн хувьцаанд ноогдол ашиг хуваарилагдахгүй байж болох бол давуу эрхийн хувьцаагаар улирал тутам ноогдол ашиг авч байх болж байна. Энэ нь угтаа Оюутолгойг барьцаалан олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж босгосон хөрөнгөө нөгөө гараараа санхүүжүүлэгч гэгч өөр этгээд болон зүсээ хувиргаад Оюутолгой төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд өндөр хүүтэйгээр зээлүүлж байгаа л нэг хувилбар.

Энэ гэрээг Монгол улсын эрх ашгийг гаргуунд нь гаргаж зориуд санаатайгаар үйлдсэн гэмт хэрэг болохын өөр нэг нотолгоо нь “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” УИХ-ын 57 дугаар тогтоолыг ч үл тоож санаатайгаар зөрчсөн байна. Тэгээд хөрөнгө оруулалтын гэрээний 15.28-д “Энэхүү Гэрээг байгуулсан болон хүчин төгөлдөр болсон өдөр уг Гэрээ нь 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолтой нийцэж байгааг Засгийн газар нотлов” гэж заасан нь Монгол Улсын Төрийн хууль, тогтоомж бол өөрсдийнх нь үзэмжээр яаж ч өөрчилж, засаж, тайлбарлаж болдог “цаас төдий” юм гэж ойлгодог, эрэмшиж оодорсон увайгүй этгээдүүдийн басамжлалыг илэрхийлжээ.

Улсын их хурлын уг тогтоолын 1-д “Оюу толгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай” гэж заасан.
Гэтэл “Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д заасан “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэсэн заалтыг хэрэгжүүлэх үүргийг гэрээнд тусгахдаа /Хөрөнгө оруулалтын гэрээний 1.9, Хувь нийлүүлэгчдийн гэрээний 15.3в-д/ уг үүргийг Засгийн газарт хүлээлгэсэн нь 1-рт Хөрөнгө оруулагч Монголын хууль биелүүлэхээс татгалзаж, 2-рт Монголын Төрийн эзэмшлийн хэмжээг 34 биш 24 хувь болгох луйврыг харилцан тохиролцож хийсэн байна.

Гэтэл Хөрөнгө оруулагчийн нийт энгийн хувьцаа гэдэг нь давуу эрхийн хувьцаа орсон нийт хөрөнгийн 60 хувиас хэтрэхгүй байхаар /Хувь нийлүүлэгчдийн гэрээний 10.2-ын (в)-д заасан нь үнэн чанартаа дээрх хувь бүр багаар тооцогдох болжээ.

Мөн УИХ-ын 57 дугаар тогтоолын 3-т “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газар /С.Баяр/-т үүрэг” болгосон билээ.

Тэгвэл мөн энэ заалтыг үл хэрэгсэж, 30 жилийн дараа гэрээг сунгаснаас хойш “Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр харилцан тохиролцсон нөхцөлөөр Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 16 /арван зургаа/ хувийг нэмэж өмчлөх сонголт хийх эрхтэй.” Гэж гэрээнд /1.6-д/ заасан нь “Хуц. Бид хөрөнгө оруулалтаа нөхсөн ч та нарт хувь нэмэхгүй, 31 жилийн дараа нэмдэг юм гэхэд та нарт хэзээ ч 50 хувь хүртэл нэмэхгүй” (24+16 =40) гэж тодорхой хэлсэн хэрэг биш гэж үү!

Тиймээс ч Хувь нийлүүлэгчдийн гэрээний 15.10-ын (г)-д “Энэхүү гэрээний 15-д заасны дагуу ТӨК Опцион эрхийн хувьцааг авснаас үл хамааран Айвенхоугийн хувь нийлүүлэгчид нь Оюу толгойн менежментийн эрхийг бүрэн хэмжээгээр хязгаарлалтгүйгээр хадгалах бөгөөд ТУЗ-ийн бүх хурал болон Хувь нийлүүлэгчдийн бүх хуралд шийдвэрлэх саналын эрхтэй байна.” Гэж заажээ. Тэгэхлээр энэ Опцион эрхийн хувьцаа гэгч нь манайд бол ямар ч ашиггүй, харин ордын нөөц нь дууссан үед манайд бас нэг зээлийн өрийн бичгийг атгуулаад, түүнийг нь Монгол улс хүүтэйгээр төлөөд сууж байх нь ээ.

Монгол улс энэ бүхэнд давхар давхар хүү төлж, ямар ч ашиг хүртэхгүй, харин өртэй үлдэх нь бүр тодорхой байна. Энэ бүхэн тэгээд луйвар биш гэж үү?!
Энэ гэрээ Монголын төрийг, Монгол Улсын хуулийг, Улс үндэстний эрх ашиг, тусгаар тогтнолыг нулимсан хэрэг биш юм уу?!

Ийм гэрээг хийсэн, үүнийгээ хамгаалан худал мэдээлэл сурталчилгааг эрх мэдэл, мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан явуулж ирсэн, санаа зорилго бүхий үйлдэл, үйл ажиллагааных нь төлөө Санжийн Баяр, Сангажавын Баярцогт, Дашдоржийн Зоригт, Лүймэдийн Гансүх нарыг, мөн эдгээр урвагчдыг өмгөөлөн хамгаалж ирсэн, тэднийг энэ үйл ажиллагаанд хөтлөх эх суурийг тавилцсан Монгол ардын нам /МАН/, Ардчилсан нам /АН/-ын дарга нарыг хамруулан Монгол улсын эрүүгийн хуулийн холбогдох заалтыг үндэслэн Эх орноосоо урвасан гэмт хэрэгт эрүү үүсгэн шалгаж өгнө үү!

Өргөдөл гаргасан …………………….

Дашрамд дурьдахад Оюутолгойн Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчийн гэрээний хуулбаруудыг батлагдсан хувилбараар нь бүрнээр нь хавсарган хүргүүлсэн энэхүү өргөдөлд Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар болон Тагнуулын Ерөнхий Газар /ТЕГ/-аас Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд заасан “Эх орноосоо урвах” гэмт хэрэгт үл хамаарах асуудал байгаа тул эрүү үүсгэн шалгах үндэслэлгүй байна гэсэн инээдэмтэй хариу өгч билээ.

79 дүгээр зүйлд заасан “Эх орноосоо урвах” гэдэг нь зөвхөн гадаадын тагнуулын байгууллагад элссэн нь нотлогдох ёстой ажээ.
Харийн түрэмгийлэгчдийн талд ороод монгол улсынхаа эсрэг зэвсэг барин халдаж байсан ч гадаадын тагнуулын байгууллагад элссэн нь нотлогдохгүй бол эх орноосоо урвасан гэж үзэхгүй байхаар Монгол улсын эрүүгийн хуулинд хуульчилсан байгаа нь эрх баригчид эх орноосоо урвах бэлтгэлийг эртнээс хийснийг л илэрхийлэх билээ.

О.Лхагвадорж

Эх сурвалж: Sonin.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.61.4) 2024 оны 10 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(197.211.61.4) 2024 оны 10 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(197.211.61.4) 2024 оны 10 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
bayartsogt urvagch(184.96.228.98) 2013 оны 04 сарын 05

tvvniig ***l***a..

0  |  0
janna(182.160.3.55) 2013 оны 04 сарын 04

bukh nasaar n urshuul uzuulehguigeer khorij gereeg uurchlukh esvel gereeg tsutslakh kheregtei manai uls sonirkhliin zurchiltei luivriin geree khemeen olon ulsiin shuuhed khandan khuchingui bolguulakh kheregtei y**akh n damjiggui

0  |  0
ZO(27.123.213.131) 2013 оны 04 сарын 04

CHI UHWEL TAARNA BAYARTSOTOO HUND GAI BOLJ BHAAR AMIA HORLOOCH

0  |  0
Top