Дээд шүүхэд өнөөдөр 09.00 цагаас эхэлсэн Н.Энхбаяр нарт холбогдох шүүх хурал 7 хоногийн хугацаатай хойшиллоо. Учир нь Дээд шүүхээс хурлын товыг Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл, О.Сайнбилэг болон шүүгдэгч нарт албан ёсоор мэдэгдээгүй юм. Тиймээс өмгөөлөгч С.Нарангэрэл болон О.Сайнбилэг нар даргалагч шүүгч С.Нямжавт шүүх хурлын товыг албан ёсоор мэдээгүй учир бэлтгэл байхгүй. Тиймээс хурлыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна.
Шүүх хурлын үеэр Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюунгэрэл шүүх бүрэлдэхүүнд хандан “Хуралд Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл, О.Сайнгэрэл нар ирээгүй байна. Учир нь тэд дээд шүүхийн хуралд оролцох хүсэлтээ гаргасан ч тэдэнд хурлын товыг албан ёсоор мэдэгдээгүйн дээр О.Сайнгэрэл өмгөөлөгч хятадад шинжилгээ хийлгэж хариу нь муу гарсан тул яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Мөн хурлын товыг албан ёсоор С.Нарангэрэл өмгөөлөгчид мэдэгдээгүй учир бэлтгэл хангагдаагүй гэж үзэж байгаа. Мөн бид шүүх бүрэлдэхүүнийг хэрхэн томилсонтой танилцмаар байна” гэсэн юм. Ингээд шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хэлэлцэж үзээд шүүгч С.Нямжав “С.Нарангэрэл өмгөөлөгчийн хувьд дээд шүүхэд гомдол гаргасан болохоос хуралд заавал оролцоно гэсэн хүсэлт гаргаагүй. Тиймээс С.Нарангэрэл өмгөөлөгчид хурлын товыг албан ёсоор мэдэгдэх алба ёсгүй. Харин О.Сайнгэрэлийн хувьд биеийн байдалтай нь холбоотой баримт, өвчний түүх байхгүй байгаа учир хүлээн авах боломжгүй. Гэхдээ О.Сайнгэрэл хуралд заавал оролцоно гэсэн гомдол гаргасан байгаа. Тиймээс хуулийн дагуу түүний хүсэлтийг хүлээн авч хурлыг 7 хоногоор хойшлууллаа. Б.Оюунбилэг өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнийг хэрхэн томилсонтой танилцмаар байна гэсэн. Энэ нь манай дотоод асуудал хэдий ч танилцуулж болно” гэсэн юм. Ийнхүү шүүх хурал ирэх сарын 7-ны 09.00 цаг хүртэл хойшлогдлоо.
Дашрамд дурьдахад, Дээд шүүхийн хуралд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Нарийн бичгийн дарга У.Барсболд, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян нар ирсэн байлаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )