Төрийн ордны их танхимд Байгаль орчны төрийн бус байгууллагуудын төлөөлөл зөвлөлдөж эхэллээ. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Монголын байгаль орчны иргэний зөвлөл хамтран зохион байгуулж байгаа уг зөвлөгөөнд 689 төрийн бус байгууллагын төлөөлөл болсон 300 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Шинэчлэлийн Засгийн газар бүрдэхдээ өөрийн эрхэм зорилгын нэгээр ногоон хөгжлийг тодорхойлж, энэ асуудлыг хариуцсан яам байгуулсан. Энэ бол яамны нэрийг сольж байгаа хэрэг бус бодлого болоод үйл ажиллагааг шинэчилсэн хэрэг хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарч, 250 гаруй ордыг хаах шийдвэр гаргасан ч өнөөдөр хэд нь хаагдаж, хэд нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байгаа нь тодорхой бус байна. Хамгийн гол нь ил тод байдлыг хангаж ажиллахад иргэний нийгмийн байгууллагын дуу хоолой чухал.
Ашигт малтмал, байгалийн баялгийг ашиглуулахгүй гэж жагсдаг, мөнгө авсныхаа дараа ашиглуулаад байгаа явдлыг зогсоох хэрэгтэйг хэлсэн. Мөн өнөөдөр Шинэчлэлийн Засгийн газрын 100 дахь хоног. Бид энэ хугацаанд юу хийсэн гэхээ ярихаас илүүтэйгээр цаашид юу хийх вэ гэдгээ хэлж, 100 хоногт хийсэн ажлуудаа олон нийтэд тайлагнаж байна гэлээ.
Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт байгаль орчны чиглэлээр нилээдгүй ажлыг амжуулсан. Ерөнхий сайдын хувьд “Шинэчилж шийдье-222” уулзалтын үеэр байгаль орчны нөхөн сэргээлт хангалтгүй байгаа, нийслэлийн ойр орчмын хөрсийг зам, барилгын материалын элс хайрга зөөдөг машинууд сүйтгэж байгаа тухай шүүмжлэлийг хүлээн авч, хяналт шалгалт явуулж, учир байдлыг тодруулахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгасан.
МХЕГазар хяналт, шалгалтын дүнгээ Ерөнхий сайдад танилцуулж, анхаарал татсан асуудлыг нэрлэсэн билээ. Үүнээс гадна Ерөнхий сайд дэргэдээ Усны Үндэсний зөвлөлийг байгуулсан байна.
Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт ногоон хөгжлийн талаар тусгахдаа нийгэм, эдийн засаг, хөгжлийн бодлого нь ногоон хөгжлийн бодлоготойгоо уялдаж, экологийн тэнцвэртэй аюулгүй орчинд амьдарч, ажилладаг байх нь гол зорилт хэмээн тодорхойлсон. Уг зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагын оролцоо ч бий.
Энэ тухай “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” илтгэлийг салбарын сайд нь зөвлөгөөний үеэр тавих юм. Байгаль орчны төрийн бус байгууллагуудын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, ирэх онуудад хийх ажлын зорилгоо нэгтгэх уг зөвлөгөөний үйл ажиллагаанд Ерөнхий сайд амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )