УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгээс эхлээд олон хүн үл ойшоодог. Тэгвэл тэдгээр үл ойшоогчдын тоо нэгээр нэмэгдэж байгаа бололтой. Тэр хүн нь Монголын улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тодруулбал УИХ-ын анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч зарлан, хуралдуулах хуулийн зохицуулалттай. Харин энэ парламентийн хувьд Ерөнхийлөгч эсвэл өөрийгөө Ерөнхийлөгч гэж боддог зарим нэгэн нь үүргээ дутуу гүйцэтгэсэн гэж О.Баасанхүү үзэж байгаа аж. Тиймээс энэ талаар болон улс төрийн өнөөгийн байдлын талаар Ерөнхийлөгчтэй О.Баасанхүү гишүүн уулзахаар бүтэн долоо хоног хичээсэн ч зүтгэл нь талаар болж байгаа гэнэ. УИХ-ын гишүүний хувьд Ерөнхийлөгчтэй уулзах цаг авахаар н.Мөнхбат гэх туслахыг нь бүтэн долоо хоног хайгаад олоогүй ажээ. Улмаар гишүүний санаа нь зовж, тагнуул болон цагдаагийн байгууллагад хандан туслахыг нь эрэн сурвалжлуулах бодол төрөөд байгаа гэнэ. Учир нь сайд дарга нарын туслахууд нь албан өрөөндөө ихэнх тохиолдолд байдаг. Харин Ерөнхийлөгчийн туслах яг О.Баасанхүү гишүүнийг ирэх бүрт байдаггүй бөгөөд утсаа ч авдаггүй байна.
Үүнд нь итгэхгүй О.Баасанхүү гишүүнийг дагаж Ерөнхийлөгчийн өргөөнөө орлоо. Үүдний харуул нь туслах байхгүй хэмээлээ. Дугаарыг нь өгнө үү гэхэд хэлж болохгүй хэмээн тас нууцлав. Улмаар "Гахай надад хялгас өгөөч, дээс томж найзыгаа аваръя" гэдэг үлгэр шиг “бөөн” ажил болж дугаарыг нь олоод залгатал утсаа авах шинж алгаа. Цөөнгүй удаа залгаад “хаширсан”.
Тэгэхээр эндээс нэг л зүйлд дүгнэлт өгч болохоор байгаа юм. Ерөнхийлөгч О.Баасанхүүг үл ойшоодог. Тиймээс уулзах ч хүсэлгүй байгаагаа туслахынхаа энэхүү хайнга байдлаар ойлгуулж байгаа хэрэг. Эсвэл туслах нь өөрийгөө Ерөнхийлөгч хэмээн бодоод утсаа авахгүй байгаа. Над руу залгаарай гэж дам дамаа хэлүүлсэн ч тусыг эс олсон байна.
Хөөрхий О.Баасанхүү гишүүнийг хойноосоо олон хоног гүйлгэлгүйхэн шиг Ерөнхийлөгчийн туслах н.Мөнхбат нь утсаа аваад ярих эсвэл гишүүнтэй уулзаад Ерөнхийлөгчтэй уулзах эсэхийг нь шийдээд өгөөсэй гэж залбираад л сууж байя даа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )