“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” гурав дахь цахим уулзалт болов

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

 Шинэчлэлийн Засгийн газраас яам, агентлагийн удирдлагуудтайгаа сар бүр хийж хэвшсэн “Хариуцлага, хэрэгжилт, хяналт” гурав дахь цахим хурал өнөөдөр боллоо.

Хурлын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны 100 дахь өдрийг тохиолдуулан нэг баг болж хичээл зүтгэл гарган хамтран ажиллаж буй яам, агентлагуудынхаа удирдлага, ажилтнуудыг урмын үгээр сайшаалаа.  “Та бидний хийж эхэлсэн, хийхээр төлөвлөсөн ажлуудад Н.Алтанхуяг би биш, ард түмэн эерэг дүн тавьсан учраас урмын үг хэлж байгаа юм. Хийж эхэллээ гэж дэмжиж, хийх юм байна итгэж байгаагаа ард түмэн маань орон нутгийн сонгуулиар дахин батлан харууллаа. Гэхдээ шинэчлэлт, бүтээн байгуулалтын их ажлын гараан дээр зогсож байгаа бидэнд цаашид илүү их ачаалалтай, хариуцлагатай, шуурхай ажиллах шаардлага тулгарч байгаа шүү” гэж Ерөнхий сайд хэллээ.

Өнгөрсөн 100 хоногт яам, агентлагуудаас санаачлан хэрэгжүүлсэн шинэлэг ажлын заримаас Засгийн газрын тэргүүн онцлон нэрлэсэн юм. Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, Үндэсний бахархлын өдөртэй болсон, Шонхор шувууг үндэсний бахархалт шувуугаар зарласан зэрэг нь ард түмний оюун сэтгэлгээг нэгтгэх ач холбогдолтой ажлууд болж чадсан. Монгол Улс өөрийн хиймэл дагуултай болох ажлыг гараанаас хөдөлгөсөн, IV цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөхөөр шийдвэрлүүлсэн, 2013-2014 онд хамтран хэрэгжүүлэх Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр хийсэн зэрэг нь шинэлэг бөгөөд үр дүн, ач холбогдол өндөртэй ажлууд болохыг Ерөнхий сайд тодотголоо.

Үүний зэрэгцээ хангалтгүй явцтай ажлууд байгааг ч дуулгав. Ялангуяа, Орон сууцжуулах үндэсний хорооны ажлын хэсгийн ажил удаашралтай байгааг хэлж, яам, агентлаг бүр төлөвлөгөөт бусад ажлынхаа явцыг шалгаж, чанаржуулахыг даалгалаа.

Цаашид Засгийн газар батлагдсан төлөвлөгөөнийхөө дагуу эрчимтэй ажиллана. Тэр дундаа аймгийн төвүүдийг хот болгох, хатуу хучилттай замаар холбох, нийслэлийн доторх замын болон төмөр замын гэх мэт томоохон бүтээн байгуулалтуудын хөрөнгийн асуудал шийдэгдэж, ажлыг нь эхлүүлэх нөхцөл бүрдсэнийг Ерөнхий сайд дуулгаж, одоо ажлын нарийн төлөвлөгөө, чанартай гүйцэтгэл шаардагдахыг анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top