Л.Эрхэмбаяр ”өвөрхангайдах” гээд байна уу?

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 01

Ардчилсан намын хуулийн зөвлөхүүд өчигдөр болсон Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалт хууль бус явагдсан гэж мэдээлэл хийлээ. СХД-ийн дахин санал хураалтаар МАН 17, АН 17, харин МАХН 2 суудал тус, тус авсан гэж мэдээллээ. Гэвч МАН-аас нэр дэвшигч таван гишүүнийг Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 34.6.1, 34.6.2-т заасан хуулийн заалтуудыг  зөрчсөн гэж Л.Эрхэмбаяр тэргүүтэй СХД-ийн АН-ынхан тайлбарлаж байна. Эдгээр заалтуудад “Сонгогчдод мөнгө, эд зүйл, төлбөргүйгээр эд материал тараахгүй”, "Сонгогчдын саналыг татах  зорилгоор хүлээн авалт, дайллага, цайллага зохион байгуулахыг хориглоно" гэж заажээ. МАН-аас нэр дэвшигч таван гишүүн хуулийн байгууллагад мөрдөн байцаалт өгч байгаа, Орон нутгийн сонгуулийн хууль зөрчсөн нэр дэвшигчийн нэрийг татах хүсэлт тойргийн хороондоо гаргаад байна гэж СХД-ийн АН-ынхан мэдэгдлээ. Гэвч МАН-ын гишүүд хууль зөрчсөн гэдэг яриаг л тэдний зүгээс тараагаад байгаа болохоос бодит байдал дээр ийм зүйл болсон эсэхийг дүгнэж хэлэхэд эрт байна. Өөр эх сурвалжаас авсан мэдээллээр бол МАН-ынхан СХД-т ялалт байгуулсан бололтой.

Өвөрхангай аймагт ялалт байгуулсан ч одоо хүртэл УИХ-д орж, тангаргаа өргөж чадахгүй байгаа МАН-ын хоёр гишүүний жишгээр СХД-ийн орон нутгийн сонгуулийн үр дүнг шийдэх нь үү дээ гэсэн болгоомжлол хүмүүсийн дунд төржээ. Уг нь УИХ-ын сонгуулийн үеэр СХД-т мөнгө төгрөг тараасан, хүн зөөсөн гэх мэт хууль бус үйлдлүүд Л.Эрхэмбаяр болон АН-аас нэр дэвшигчидтэй холбоотойгоор гарч байсан. Мөн Тойргийн хорооны шийдвэрийг хууль бусаар гаргасан тухай асуудал ч эцэслэн шийдэгдээгүй байна. Тэгэхээр муу л бол хойд талын хар овоо гэдэг шиг МАН-ын нэр дээр зодоглосон бүх улс төрчдийг, аавын хүүхдүүдийг өнөөдөр нийгмийн сэтгэлзүйд үүсэн бий болж, АН-аас хөөрөгдөөд байгаа "Олон жил хотын эрхийг гартаа атгасан МАН балиар" гэдэг хиймэл суурин дээр хилсээр унагачих гээд байх шиг. Шүүхийн хүчирхийлэл, эрх мэдлийн хүчирхийллээр сонгуулийн санал хураалтын үр дүнг хүссэнээрээ өөрчилдөг, үүнд нь нийгмийн уур амьсгалыг бэлдэхийн тулд хэвлэл мэдээллээр давхар хүчирхийлэл үйлддэг ийм нэг "ардчилсан" жишиг цаашид Монголын улс төрд гүн бат шигдээд үлдчих вий дээ.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top