Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас гадаад орнуудад суух зарим Элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар Булгаагийн Алтангэрэл, БНСУ-д Баасанжавын Ганболд, Австри улсад Гунаажавын Батжаргал, Бельгийн Вант улс болон Европын холбоонд Хишигдэлгэрийн Даваадорж, Турк улсад Бадамдоржийн Батхишиг, Кувейт улсад Содномын Энхбат, Казахстанд Жагирын Сүхээ, Афганистанд Отгоны Дамбийням нарыг Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар тогтлоо.
Товч мэдээ
- 2013 оны 04 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар бага хурал болон тус хуралтай холбогдуулан болох чуулга уулзалтуудад бэлтгэж, удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороо байгуулна.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Архи, согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжлээ.
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Монгол Улсын Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын зээл олгох, зээлийн баталгаа гаргах нь зүйтэй гэж үзлээ.
- Академич Х.Намсрайн “Бодисын тулгуур судалгаа ба шинжлэх ухаан, технологийн суурь мэдлэгийн үндсүүд” бүтээлд Шинжлэх ухааны салбарын 2012 оны “Байгаль, нийгмийн ухаан”-ы шагнал олгоно.
- Барилгын ажлыг эхлүүлэх, үргэжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийг баталлаа.
Сэтгэгдэл ( 0 )