“Шударга ёс” эвслийн бүлэг хагаралдаагүй, харин маргалдсан

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 03

 

Өнөөдөр “Шударга ёс” эвслийн бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Тэд  бүлгийнхээ хуралдаанаар Засгийн газраас гаргасан 1.5 тэрбум ам.долларын бонд ашигтай арилжаалагдсантай холбоотойгоор орж ирэх хөрөнгийг юунд зарцуулах вэ гэдгийг ярилцсан байна. Тэгвэл энэ талаар Сангийн сайд Ч.Улаан: Эдийн засгийн үр ашигтай төслүүдийг хэрэгжүүлэх болно. Тухайлбал 1800 км төмөр зам тавих төслийг санхүүжүүлнэ. Мөн эрчим хүчний эх үүсвэрийг барих, уул уурхайн томоохон төсөл боловсруулна. Эдийн засгийн өндөр ашигтай төслүүдийн нэг нь  дотооддоо шатахуун үйлдвэрлэх. Үүнээс гадна зэс хайлуулах, төмөрлөгийн үйлдвэр барих төсөл. Гэхдээ дээр дурьдсан төслүүдийг хооронд нь өрсөлдүүлж, эхнээс нь хийхээр төлөвлөөд байгаа” гэдгийг хэлсэн юм.  

Бондын хүү өндөр байна гэх шүүмжлэлд тэрбээр: “Бондын хүү 4,25 гарсан. Тэгэхээр байж боломгүй юм аваад ирсэн биш. Манай улсын хувьд 3 хувийн хүүтэй байвал ашигтай гэсэн үзүүлэлт гардаг.

Манайхаас гадна Украйн 7 хувийн хүүтэй бонд гаргасан. Саяхан урд хөрш 3,8 хувийн хүүтэй бонд гаргасан. Тэгэхээр бид чамлах үзүүлэлт биш.  

Харин энэхүү бондыг арилжахад ЗГ хоёр ажлын хэсэг гаргасан байна. Нэг ажлын хэсэгт 10 хүн багтсан бөгөөд Монгол банк, Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банк, яамдын ажилчид оролцсон. Хоёр ажлын хэсгийг сайд нар ахалсан” гэдгийг Сангийн сайд энэ үеэр онцлов.

Харин өнгөрсөн долоо хоногт чуулган хуралдаагүй нь тус бүлэгтэй огт хамааралгүй гэнэ. Энэ талаар бүлгийн дарга Н.Батцэрэг: “АН-ынхан өөрсдөө ирц багатай байсан. МАН-ынхан ч ялгаагүй. Тэднээс энэ талаар тодруулах ёстой. Тэгээд ч зарим нэр дэвшигчийн асуудал шүүхийн шатанд байгаа. Тиймээс шүүхийн шийдвэрийг гартал харзнах хэрэгтэй. Бид чуулганд суух эсэхээ нөгөөдөр эргэн мэдээлэл хийе. Яг одоо хэлэхэд эрт байна” гэв.

Эвслийн бүлэг дотроо хагаралдаантай байгаа гэх яриа сүүлийн үед их гарах болсон. Үүнд бүлгийн дарга Н.Батцэрэг: “Хааяа зарим нэг асуудлаас болж маргадаг.  Гэхдээ бид гадуур нисэж байгаа бор шувуу шиг хагаралдсан зүйл байхгүй” гэв. Харин Сангийн сайд Ч.Улаан: “Бидэнд муудалцаж, хагаралдах зав алга. Харин ч өнөөдрийг хүртэл ажилласан шигээ цаашид хамтран ажиллах болно.” гэдгийг  онцоллоо.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top