С.Одонтуяа: АН орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан нь том амжилт

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 03

  УИХ-д суудалтай бүх нам эвслийн бүлэг хуралдаж өнгөрсөн сонгуулийн талаар тодорхой байр сууриа илэрхийллээ. АН-ын хувьд энэ удаагийн сонгуульд нийтдээ 12 аймаг 5 дүүрэгт ялалт байгуулсан талаараа албан ёсоор зарласан юм. Ингээд өнөөдөр хуралдсан АН-ын бүлгийн хурлаар яригдсан болон сонгуультай холбоотой зарим асуултанд УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тодрууллаа.

-Бүлгийн ээлжит хуралдаанаар юу хэлэлцэв?

-Хурлаар хэдэн чухал асуудал авч хэлэлцлээ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас эхний ээлжинд гаргасан 1,5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний бондыг арилжаалсан талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. “Чингис бонд”-ыг дэлхийн зах зээл дээр гаргаснаар Монгол Улсын нэр хүнд өсөж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, бусад орны анхаарлыг татах чухал алхам болсон. Энэ бондын зарцуулалтад анхаарах биш, дараагийн хөрөнгө оруулалтыг дэмжих гол хөшүүрэг болгож ашиглах юм. Цөөхөн хоногийн дотор маш бага хүүтэй бонд арилжаалсан нь АН-ын мөрийн хөтөлбөрийн чухал ажил хэрэгжсэн гэж үзсэн.

-Орон нутгийн сонгуультай холбоотой асуудлаар?

-Нөгөөтэйгүүр орон нутгийн хурлын сонгуульд АН хэрхэн оролцов, ямар үр дүнтэй байв гэдгийг ярилцлаа. Бид нийслэлийн олон дүүрэгт үнэмлэхүй ялалт байгуулсан. Аймгуудад өндөр амжилттай ялалт байгууллаа. Өмнө нь АН гарч байгаагүй аймагт ялалт байгуулсан нь бидний ажлын том амжилт. Мөн энэ сарын 6-10-нд ардчиллын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ өдрүүдийн төлөвлөгөө, баяраа хэрхэн тэмдэглэх вэ гэдгийг ярилцлаа. Хамгийн гол нь АН-ыг баялаг бүтээгчид дэмждэг юм байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс баялаг бүтээгчдэд талархах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж, Төрийн ордонд уулзалт хийнэ.

-Зарим гишүүд энэ долоо хоногт тангараг өргөх үү?

-Тангараг өргүүлэх асуудлыг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар оруулсан. АН-аас Д.Зоригт, Г.Батхүү, МАН-аас Д.Арвин, Д.Сарангэрэл, “Шударга ёс” эвслээс Ц.Оюунбаатар гэсэн нийт таван гишүүнийг тангараг өргүүлэх ажиллагааг  энэ долоо хоногт хийхээр төлөвлөөд байгаа.

-Энэ удаа ирц бүрдэж чадах болов уу?

-Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарсан. Бид энэ шийдвэрийг хүндэтгэн үзэж, чуулганы хэлэлцэх асуудалд оруулсан байгаа. Тэхээр МАН оролцохгүй гэх юм уу энэ асуудлыг бид сайн мэдэхгүй байна.

-МАХН-ынхан “Эвслийн Засгийн газарт орсон үүргээ хэрхэн биелүүлж байна" гэж танай намын хувьд дүгнэж байна. Тэд өнгөрсөн долоо хоногоос эхлээд улстөрийн өөр нөхцөл байдлын шинжид орлоо?

-Тэгэхлээр Ц.Оюунбаатар гишүүний СЕХ-ны шийдвэр нэгэнт гарсан. Энэ хүн бол нэр нь өргөн баригдсан учраас хэзээ ч тангаргаа өргөх боломжтой байгаа. Ямар нэгэн нэмэлт шийдвэр шаардлагагүй. Яахав “Шударга ёс” эвсэл тухайн нөхцөл байдалтайгаа уялдуулж чуулганд оролцоогүй гэж бодож байна. Энэ долоо хоногт яахыг мэдэхгүй.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top