Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл дөнгөж сая Тиранозаурус Батаарын талаар мэдээлэл хийлээ.
- Бидэнд батаарын талаарх сүүлийн үеийн мэдээллийг өгөхгүй юу?
- Эрик Прокопи Нью-Йорк хотын шүүхэд хандан “Хэритэж Аукшины байранд байсан Тиранозаурус Батаарыг хурааж авсан нь хууль бус байсан” гэх гомдлыг гаргасан. Үүний дараагаар манай улсын ЗГ-т хандан бичиг ирсэн. 9-р сард ирсэн тухайн албан бичиг нь: Уг үлэг гүрвэлийн араг ясыг Монгол улсын өмч гэж үзэн хураан авсан. Хэрвээ та бүхэн үүнийг Монгол улсынх мөн гэдгийг баталж чадвал бид энэхүү өргөдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Харин нотолж чадахгүй бол энэхүү араг яс Эрик Прокопийнх болно” гэсэн агуулгатай байсан. Үүний дагуу Хууль зүйн яам, ССАЖЯ хамтарч олон баримтыг явуулсан. Үүний дагуу 11-р сарын 13-нд Нью-Йорк хотын шүүгч П.Кевин Кастел шийдвэр гаргаж Эрик Прокопийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан.
-Эрик Прокопийн нэхэмжлэлийг хүчингүй болгосон шалтгаанаа шүүгч хэрхэн тайлбарласан бэ?
- 2012.06.22-ны өдөр Эрик Прокопигоос хурааж авсан батаарын араг яс нь Монгол улсынх гэдэг нь араг ясны өнгө, ОУ-ын шинжээчдийн гаргасан дүгнэлтээр нотлогдож байгаа. Мөн Эрик Прокопи нь өөрөө МУ-аас үлэг гүрвэл хайж хэд хэдэн удаа ирсэн нь үүнийг нотолно гэсэн байна.
Эрик Прокопи нь энэхүү батаарын араг яс нь Монголынх гэдгийг мэдсээр байж худал мэдүүлэн АНУ-д оруулж ирсэн байх үндэслэлтэй байна гэж үзсэн.
-Монгол улсыг басамжилсан зүйлийг нэхэмжлэл дээрээ тусгасан байсан шүү дээ?
- Эрик Прокопи өргөдөл дээрээ “Араг яс Монголынх байх ёсгүй. Энэхүү араг яс нь 75 сая жилийн өмнөх. Харин Монгол улс дөнгөж 1921 онд байгуулагдсан” хэмээн дурьдсан байсан. Үүнийг шүүх мөн няцаасан. Хэдийгээр араг яс 75 сая жилийн өмнөх боловч энэ ясыг Монгол улсын нутаг дэвсгэр дээрээс 1995-2005 оны хооронд малтан гаргасан нь хэд хэдэн зүйлээр нотлогдож байна. Тэгэхээр Монгол улс байгуулагдан, Үндсэн хуулиа баталснаас хойш энэхүү араг яс нь хулгайн замаар гарсан байх магадлалтай байна. Иймээс Эрик Прокопи Монгол, АНУ-ын хууль болон ОУ-ын хууль дүрмийг мэдсээр байж зөрчсөн гэдэг үндэслэлээр шүүгч тайлбарласан байна.
- Эрик Прокопийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хуулийн үр дагаврыг тайлбарлаж өгөхгүй юу?
- Нэгдүгээрт, АНУ үлэг гүрвэлийн араг ясыг хурааж авсан нь зөв. Тиймээс АНУ-ын ЗГ-ын гаргасан нэхэмжлэлээр дараагийн шүүх хурал явагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл АНУ-ын нутаг дэвсгэрт өөр улсаас хулгайлагдаж ирсэн зүйл зарагдсан учраас үүнийг Эрик Прокопигоос бүрмөсөн хурааж Монголын талд буцаая гэсэн өргөдөл байгаа. Үүнийг хэлэлцэх шүүх хурал 12-р сард болоход ямар нэг саад байхгүй боллоо гэсэн үг.
- Эрик Прокопид тэгэхээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байх нь ээ?
- Тийм. Эрик Прокопид АНУ-ын прокуророос худал мэдүүлэг өгсөн, гааль дээр худал мэдүүлсэн, их хэмжээний үнэт зүйлийг олон улс дамнуулан хулгайлсан гэх үндэслэлээр эрүү үүсгэсэн. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоовол Эрик Прокопид 23 жилийн хорих ял оноох юм.
- Эрик Прокопийн шүүх хурал хэзээ болох вэ?
-Эрик Прокопи Батаарын араг яс Монголын талд ирсний дараагаар шүүх хурал нь болно.
Дашрамд дурьдахад Эрик Прокопийн нэхэмжлэлийг хүчингүй болгосон шүүх нь холбооны шүүх хурал юм байна. Холбооны шүүх хурлаар олон удаагийн үйлдэлтэй хүнд гэмт хэргийг хэлэлцдэг ажээ.
Харин үлэг гүрвэлийн ясыг хувьдаа завших гэж байсан Эрик Прокопи гэгч нь холбооны шүүхэд гаргасан өөрийнхөө өргөдөлд: Монголын хуулийг нэг мөр ойлгоход хэцүү байдаг. Монголын хуулийг сайн ойлгоогүй болохоор би зөрчсөн ч ялгүй гарна” гэсэн агуулга бүхий зүйл оруулсан нь хуульчдын эгдүүцлийг хүргээд байгаа юм.
А.Баярмаа.
Сэтгэгдэл ( 0 )