Орон нутгийн сонгууль болж өнгөрлөө гэж хэн хүнгүй хэлэх эрхтэй болох шив. Сонгуулийн хөлд нэрвэгдсэн ард түмэн, төрийн алба, хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд одоо л нэг эрүүл сэтгэхүйгээр асуудалд хандах эрхтэй боллоо. “АН олуулаа ялна” гэж ард түмэн хүлээж байсан ч, эрх баригчид ч ялна хэмээн итгэж байсан ч “Орон нутгийн сонгуульд бид олуулаа биш олонхуулаа” яллаа гэж ерөнхий сайдын маань хэлсэн “нутгийн аялгатай” үг нэгийг бодогдуулав. Одоо эргээд харахад “Олонхуулаа” гэдэг нь гомдол тээсэн аястай үг байж. Уг нь АН орон нутгийн сонгуулиар хавтгай ялалт байгуулахаар судалгааны дүнгүүд гарч байсан ч зарим дүүргийн хэт амбицитай, хариуцлагагүй дарга нараасаа болж орон нутгийн сонгуульд тийм ч таатай үр дүнг үзүүлж чадаагүй тухай АН-ын дотоодод ид яригдаж байна. Тухайлбал Нийслэлийн зургаан том дүүргийг Э.Бат-Үүл даргын “мөрөөдлийн” үндсэн дээр бут цохиж болох байсан. Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт Л.Эрхэмбаяр, Чингэлтэй дүүрэгт Батын Батбаатар гэдэг хоёр нөхөр үнээ зайдагнасан бух шиг сагсагнаж, намын хороог бүгдээс харамласаар байгаад орон нутгийн сонгуульд далаараа тавиуллаа.
“Их хүссэн хүнд төрийн тамгыг бүү атгуул” гэж яасан үнэн үг байж вэ. Их хүссэн хүн л намдаа ч, нөхдөдөө ч чөдөр болдог аж. Энэ жил Ардчилсан намаас их хурлын сонгуульд нэр дэвшигч гурван хүнээс “Монос”-ын Л.Эрдэнэчимэг, Да.Ганболд хоёр ялалт байгуулах нь тодорхой боллоо гэсэн яриа хүчтэй тараад байсан. Нэг нь мөнгөний хүүдий, нөгөөх нь эрдмийн хүүдий болсон энэ хоёр хүний тухай хар Пи Ар мэдээллүүд сонгуулийн өмнөх өдрүүдэд Сонгинохайрхан даяар тараагдаж, үр дүнд нь “Эрдэнэчимэг л мөнгөнийхөө хүчинд гарлаа” гэж АН дотор яригдаад замхарсан. Харин СХД-ийн АН-ын дарга Л.Эрхэмбаярын гар хөл бологсод идэвхтэй ажиллаж Да.Ганболдын саналыг хувааснаар АН нэг суудлаа алдсан гэх яриа одоо ч амь бөхтэй оршсоор байна. Тиймдээ ч Да.Ганболдыг ер нь намын хороо нь нухчихсан юм биш үү гэсэн хардлагын үг газар авсан байх. Энэ яриа хүчээ алдаагүй байтал Л.Эрхэмбаяр гэдэг хүн Ардчилсан нам СХД-т ялалт байгуулах сүүлчийн шаансыг тавиад туучихлаа. Үүнээс болж АН-ын СХД-ийн гишүүд дэмжигчид болон намын нөхөд нь түүнд дэндүү ихээр итгэл алдарчээ. Бид өөрсдөө сонгуульд орсон бол ялах л байсан гэж жирийн гишүүд, АН-аас нэр дэвшигчид ч унтууцаж байгаа сурагтай. Тэгээд сонгууль болгоны дараа ёс юм шиг шүүх цагдаад хандаж, хэрүүл зарга хийж явдаг энэ хүний хар энергинээс иргэд ч үнэндээ залхаж байна. Амнаас нь гардаг үг ерөөсөө л “Шүүх цагдаад өгсөн. Одоо шүүхдэж байна. Тэрэнд эрүү үүсгүүлчихлээ. Цагдаа асуудлыг шийднэ” гэх үгс болчихож. Иргэд сонголтоо хийчихээд байхад цагдаа та нарын саналыг шийднэ гээд байдаг чинь хаанахын ёсон бэ. Түүний ийм овлигогүй зан, золбоогүй үгнээс болж намын нөхөд нь ч хүний нүүр харах аргагүй боллоо.
Намын хороогоо найз нөхөд, ах дүү хамаатан саднаараа дүүргэсэн гэгдээд байгаа Батын Батбаатар ч иймэрхүү шанг хүртээд, улс төрийн карьераа төгсгөж байх шиг. Арга ч үгүй биз, нийслэлийн 4 том дүүрэг, Налайхад ялалт байгуулан тугаа мандуулж байгаа нөхдөө харах тусам Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн АН-ын гишүүд хор шар нь буцалж байна. Тиймээс ойрын үед намын удирдлагууддаа “Энэ унхайгүй даргаас салгаж аль” гэсэн бичиг, хүсэлт илгээх болжээ. Н.Алтанхуяг дарга ч, Э.Бат-Үүл дарга ч хамгийн их найдлага тавьж байсан хоёр том дүүргээ алдсандаа ихэд бухимдаж байгаа сурагтай.
Ө.Мэргэндүү
Сэтгэгдэл ( 0 )