Жил дамнаж шил дарсан сонгууль

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 03

Сонгуулиас сонгуулийн хооронд ядарч гүйцлээ бүр. Гэхдээ ядарсныхаа шанг хүртэнэ гэж би лав хувьдаа бодоод байгаа. Иргэн хүнийхээ хувьд хүртэнэ. Хүртэх хүртэхдээ бялуу хувааж иддэг шиг хүртэхийг санаагүй юм шүү. Сонгуульд ялсан АН-дах болон МАН-гаруудын МАХНЫ үнийг өсгөхгүй байх талаарх бодлого ажил хэрэг болоосой гэж найдаж сууна.

Хатуу жаварт хацраа хайруулан байж санал өглөө саяхан. Энэ жил манай Монгол Улс сонгуулийн даллага авахуулсан жил байлаа. Сонгогдсон нам хийгээд нөхдүүдэд улам ч их хишгээ хүртээлээ. Тэр нь үргэлжлээд ирэх “Могой” жилтэй золгож төрийн тэргүүнийг төвөггүйхэн сонгоход хүрэх биз ээ. Улстөрчид өнгөрдөг хавраас хойш сонгууль, сонгууль хэмээн байн байн ярьж өдийг хүргэлээ. Үнэндээ өөр ярих ч сэдэв алга. УИХ-ын сонгуулийн үр дүнд улангассан бухнууд ихээр нэмэгдсэн бол түүнийг дагасан хэрээ ихээр эргэлдэж, хийморийн дарцган дээр нь хүртэл суугаад босно лээ.

Нэгэнт улангассан бухнууд замд тааралдсан болгоноо мөргөхөөр зүтгэсэн боловч чиглэсэн байгаа онолгүй ацтай модны завсар хавчуулагдах нь тэрээ. Энэ байдлыг харзанасан өлөн чонос боломж олгосонд баярлалаа хэмээгээд дураараа дургиж эхэлсэн дээ. Гэнэт бухын мах идсэн чонос нэг хэсэгтээ цас долоож хэвтэх нь ойлгомжтой тул хэсэг зуур дуугаа хурааж нойрмоглон хэвтэнэ.

Сонгууль эхэллээ. Манай намыг сонгоорой. Бид таныг саран дээр амьдруулна. Нар луу аялуулна гэлцэх. Сонгууль дууслаа. Дуу муутайхан баярлав. Зарим хүч алдаж шаварт унасан “шар”-ууд СЕХ бол луйварчин, МАН тийм АН ийм, больё больё ч гэх шиг. Энэ бүх асуудал нэг юм намжаад автал "Би тийм суудалд сонгогдоно, томилогдмоор байна" гээд урсгаж гарна. Асуудал аандаа цэгцэрч эхэлтэл хаа нэг тойргоос халамж, мөнгө тараасан “но” заавал гэнэт гарч ирээд хэрэг мандах нь тэр. Өвөрхангайд “өмд” тараасан, Увсад “улаан лооль” тараасан, Сонгинохайрханд “согтуугаар” далимдуулсан, Баянзүрхэд “бантан” хутгасан ч гэх шиг.

Энэ бүх асуудал цэгцээ ололгүй ядаж байхад нь орон нутгийн сонгууль гэнэт тулж ирээд хөөрхийс сөхөрч унадаг юм байна. Улс орноо хөгжүүлэх байтугай. УИХ-аа бүрдүүлж чадаагүй байхад өвөл болж хүйт даан угаартаж эхлэх нь тэр. Орон нутгийн сонгууль болдгоороо болж СЕХ-ны төлөвлөгөөнд багтаагүй үр дүн гарч хоёр бөх дахин барилдаж залуу бөх “АН-дах” мэхээр даван түрүүлвээ. Ямартай ч овооны наадам тулдаа л дахин барилдалгүй тахимаа авч өгөлцлөө. Гэвч өнгөрдөг Улсын баяр наадмаар дуусгаагүй барилдаан холбогдох шалтгаанаар тахимаа авч өгөлцөлгүй хүлээгдсээр. Дундуур нь зарим бөхчүүдийг “допинг” хэргэлсэн хэргээр шалгаад хэзээ шовхоо хагалах нь тодорхойгүй шинэ онтой золгож “өвлийн өвөө”-гөөс бэлэггүй хоцрох вий дээ.

Он гармагц онгод юугаа дуудаж Ерөнхийлөгч бол ерөнхийлөн захирагч  “бла бла” гэсэн “мээсээж” тархаж, Монгол түмнээрээ төрийнхөө тэргүүнийг сонгоцгооё, сонгоцгооё гэж лоозонгоо барин дахиад л нөгөө жил дамнасан сонгуулийн паян дуусаагүй байхад шилээ дараад ахиад нэг сонгууль ирлээ та минь.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(201.242.40.136) 2015 оны 07 сарын 29

Superior thinking deraostmnted above. Thanks!

0  |  0
Top