Цөмийн технологи амьдралд ойрхон, аюулгүй хэрэглээ гэдгийг иргэдэд танилцууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 03

Цөмийн энергийн газраас зохион байгуулсан “Амьдралд ойрхон хэрэглээ” нээлттэй өдөрлөгийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, салбарын бодлого, үйл ажиллагааны талаарх ойлголтуудыг ард иргэдэд хүргэхийн чухлыг онцоллоо. Тэрбээр “Өнөөдөр манай иргэдэд цөмийн технологийн талаарх ойлголт маш муу, хариуцсан төрийн байгууллагууд энэ талаарх мэдлэг мэдээллийг хангалттай өгч чадахгүй байна. Иймээс иргэдийн дунд цөмийн технологи маш аюултай, хол байлгах ёстой зүйл гэсэн хандлага бий болжээ. Гэтэл цөмийн энерги бидний ахуй амьдралд өргөн нэвтэрч, одоо өдөр тутмын энгийн хэрэглээ болжээ. Иймээс цөмийн энергийг эх орондоо хэрхэн ашиглаж байна, аль хэмжээнд хэрэглэхэд хор хохиролгүй, хэчнээнээс давахад аюул хөнөөлтэй гэх мэт энгийн ойлголт мэдээллийг та бүхэн иргэддээ тодорхой өгөөрэй” гэлээ.

Өдөрлөгөөр цөмийн технологийн хэрэглээ, ач холбогдол, үр нөлөөний талаар мэдээлэл өгөх, цөмийн технологи ашиглаж байгаа салбар, байгууллагуудын үйл ажиллагааг таниулахыг зорьж байгаа юм. Нээлттэй өдөрлөгт Хавдар судлалын үндэсний төв, Улсын клиникийн төв эмнэлгийн Цөмийн онош зүйн тасаг, Геологийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, Улсын ариун цэврийн төв лаборатори, Ургамал, газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний төв болон “Арева” ХХК, “Оюутолгой” ХК зэрэг 20 гаруй байгууллага оролцож, үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд танилцуулж байна.

Монголд цөмийн эрчим хүчний станц барих гэж байна, цөмийн хаягдал булшлах бололтой гэх мэтээр ард иргэдийг айдаст автуулсан мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй гарсан. Дашрамд онцлоход, Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт цөмийн цахилгаан станц байгуулах талаар ямар нэг зорилт тусгагдаагүй, зөвхөн стратегийн ач холбогдол бүхий цацраг идэвхт ашигт малтмалыг шар нунтаг хүртэл боловсруулахаар заасан юм. Ерөнхий сайдын зүгээс “Монгол Улс цөмийн эрчим хүчний станц барьж байгуулах асуудлыг 5-8 жил, түүнээс цааш хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байна. Ийм хугацааны дараа тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд цөмийн эрчим хүчний станц байгуулах асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаан дээр боловсруулж, тухайн үедээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top