МАН-ын бүлэг байгуулагдах асуудал дахин хойшиллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 04

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09:00 цагт зарлагдаад байсан ч “уламжлал” ёсоороо бүтэн нэг цагаар хоцорч 52,9 хувийн ирцтэйгээр эхлэв. Энэ удаагийн хуралдааны эхэнд Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өөрөөр хэлбэл МАН-ыг бүлэгтэй болгох, намын бүлгүүдийн завсарлага авах зэрэг олон асуудлыг дээрх хуулийн төслүүдийн  нэмэлт, өөрчлөлтөөр зохицуулах юм.  

Харин хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэлцэх асуудалтай холбоотойгоор санал хэлэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: УИХ-ын дэгийн тухай хуулийн 27.1.4- д бүлэг байнгын хорооны  үеэр завсарлага авах эрхтэй. Яг энэ асуудал дээр манай бүлэг дотооддоо ярилцах асуудал байгаа учраас завсарлага авмаар байна гэв.  

Түүний энэхүү саналыг МАН-ын гишүүд эгдүүцэн хүлээж авсан бөгөөд МАН-ынхан санал хэлэх боломж олгохыг “шаардав”. Энэхүү хүсэлтийг байнгын хорооны дарга ёсоор болгож УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан үг хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Бүлгийн асуудлыг шийдэж өгөхийг байнгын хорооноос олон удаа харлаа. Байнгын хороо энэ асуудалд анхаарал тавьж ажиллах ёстой. Парламентад олонх цөөнх байх ёстой. Тэгтэл цөөнхийн бүлгээ ингэж хавчиж байгаа нь нийт сонгогчдын 40 орчим хувийг үгүйсгэж байгаа хэрэг хэмээлээ. Үүний хариуд УИХ-ын гишүүн А.Бакей: Бүлгийн асуудалд анхаарал хандуулж байгаа гэснээр энэ удаагийн хуралдаан өндөрлөв.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top