УИХ-ын гишүүн Д.Батцогт: МАХН-ын Засгаас гарах шийдвэр эвслийг төлөөлөхгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 04

 

МАХН-ын гүйцэтгэх товчоо өчигдөр орой гэнэт Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахаа мэдэгдсэн. Тэгвэл МАХН-тай 9 жилийн хугацаатай “дэр нэгтгэсэн” МҮАН-ынхан энэ шийдвэрийг тийм ч таатай бус хүлээж авсан. Өөрөөр хэлбэл МАХН-аас гаргасан шийдвэрийг   алдаатай гэж үзэж байгаа юм. Ингээд МҮАН-ыг төлөөлөн УИХ-ын гишүүн Д.Батцогтоос тодруулга авлаа.

-МАХН Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарна гэж мэдэгдсэн. МҮАН-ын гишүүний хувьд үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Үндэсний эрх ашгаа дээдлэх ёстой. Энэ утгаараа Засгаас орж гарах нь нэг намын гишүүд хуралдаад шийддэг асуудал биш. Тиймээс МАХН-ын Гүйцэтгэх товчоо алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Алдаагаа засах учиртай. МАХН-ын шийдвэр эвслийг төлөөлөхгүй.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг чөлөөл гэж шахалт үзүүлж байгааг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Хувь хүний асуудлаас болж, Засгаас гарна гэж байж болохгүй асуудал. Монгол Улсын үндэсний эрх ашиг хөндөгдөнө. Хамтарсан Засгийн газар өнгөрсөн  100 хоногт өнгөрч чамгүй олон ажлыг хийсэн. Ер нь шүүхийн шийдвэрт Засгийн газар нөлөөлөх ёсгүй. Нөлөөлөх эрх зүйн үндэслэл ч байхгүй.

-Дөнгөж сая МҮАН-ын гишүүд хуралдаад юу хэлэлцэв?

-Хуралдаагүй. Гишүүд болж байгаа үйл явцтай холбоотой санал мэдээлэл солилцлоо.

-Засгаас МАХН гарвал МҮАН үлдэх эрх зүйн зохицуулалт бий юу?

-Урьдчилж хэлэх боломжгүй. Засгийн газарт тогтвортой ажиллана гэсэн байр сууриндаа МҮАН хатуу зогсоно.

-Тодруулга өгсөнд баярлалаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top