Шинэчлэлийн Засгийн газар ганхаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 04

МАХН Засгаас гарна гэж мэдэгдэл хийсэн нь Шинэчлэлийн Засгийн газрыг багагүй ганхуулж байна. МАХН-ынхан “Намын дарга  Н.Энхбаярт тулгаад буй хилс хэрэг, хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохын тулд, цаашлаад “их хэлмэгдүүлэлт”-ээс ард түмнээ, нийгмийг аварч шударга ёсыг тогтоохын тулд Засгийн газраас гарах шийдвэрээ гаргалаа” хэмээн мэдэгдээд байгаа. Анх хамтарч Засгийн эрх барихдаа Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэргийг улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн үзэж хэлмэгдүүлэлт гаргахгүй байхыг  гэрээндээ тусгаж өгсөн  гэнэ. Гэтэл  Засгийн газар энэ тал дээр юу ч хийхгүй өнөөг хүрсэнээс  тэд Засгаас гарах шийдвэрээ гаргажээ. Үүгээрээ  МАХН-ынхан УИХ-д бүлэг байгуулж, Засаг барилцсаны  цаад зорилго нь ердөө л намынхаа даргыг ялаас хэлтрүүлж  УИХ-ын гишүүн болгох байсан гэдгээ илчиллээ.

Засгаас гарсны дараах улс төрийн   тогтворгүй нөхцөл байдалд МАХН хариуцлага хүлээхгүй гэдгээ ч бас мэдэгдээд байгаа юм.

Энэ бүхэнтэй зэрэгцээд “Шударга ёс эвсэл” задрах болов уу гэсэн асуулт олон хүний толгойд эргэлдэж буй. Харин  МҮАН-ын удирдлагууд  МАХН-ны мэдэгдлийг  алдаа хэмээн үзэж байгаа аж. Тухайлбал МҮАН-ын дарга М.Энхсайхан “МАХН-ын  шийдвэрийг шүүх эрх бидэнд байхгүй. Энэ утгаар нь МАХН алдаа хийх эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Мэдээж намын даргынхаа төлөө гишүүд, дэмжигчид нь дуугарч болно. Гэтэл нэг хүний асуудлыг  үндэсний эрх ашигтай эн зэрэгцүүлж шийдвэр гаргах хүртлээ төөрөлдөж болохгүй шүү дээ. МҮАН-ын хувьд үндэсний эрх ашгийг тэргүүн зэрэгт  тавина гэдэгт хатуу зогсоно. Хэрэв МАХН Засгийн газраас гарах шийдвэрээ дангаараа гаргаж байгаа бол тэр намын л шийдвэр. МАХН дангаараа “Шударга ёс” эвслийг төлөөлөхгүй.  МАХН шийдвэрийг  эвслийн шийдвэр гэж үзэж болохгүй ” гэж мэдэгдсэн байна. Нөгөө талаар "Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг “ Манай хоёр намд дээд зэргийн ойлголцол үүсчихсэн, өөрсдийнхөө хариуцлагыг гүнээ ухамсарласан” гэж байр сууриа илэрхийлээд байгаа. Гэвч Мөнхийн дайсан гэж үгүй, мөнхийн эрх ашиг  байдаг хойно МҮАН АН-тай буцаад нэгдэхийг үгүй гэх газаргүй.

 Энэ бүхнээс харахад энэ баасан гарагт болох Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурал МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудлаар ямар хариу гаргах нь Шинэчлэлийн Засгийн газрын цаашдын хувь заяанд багагүй нөлөөтэй бололтой. Өөрөөр хэлбэл эрх баригчид эксийг өршөөх эсэхээс шинэчлэлийн Засгийн газар хэр удаан наслах нь шийдэгдэж болзошгүй.  Улсын дээд шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярын  ялыг хэрэгсэхгүй болгох аваас МАХН-ынхан Н.Энх­баярыг  УИХ-д суулгана гэж зүтгэх нь гарцаагүй. Ингэх аваас  АН эвслийнхэнд бууж өгөх, эс бөгөөс Засгийнхаа баганыг нураах хоёрын аль нэгийг сонгоно.   Гэвч  АН-ын одоо байгаа 31 гишүүн дээр Өвөрхангайн тойргоос Д.Зоригт, Г.Батхүү нар, Сонгинохайрхан дүүргээс Л.Эрхэмбаяр ороод ирвэл 34 гишүүнтэй болно. Эрх баригчид  ИЗНН-ын хоёр, МҮАН-ын таван гишүүнтэй  нийлээд Засгийн газраа аваад явчих боломж бас бий. Ирэх баасан гарагт болох Н.Энхбаярын  шүүх хурал болон  Өвөрхангайн асуудал Шинэчлэлийн Засгийн газрын цаашдын хувь заяанд багагүй нөлөөлөх нь дамжиггүй боллоо.

Г.Энхтуяа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top