МАХН гүйцэтгэх товчоо уржигдар орой болтол хуралдахдаа огцом шантаажны шийдвэр гаргасан. Ингэснээр
“Шударга ёс” эвслийн удирдах зөвлөлөөр МАХН Засгаас гарах эсэхийг хэлэлцэнэ. Удирдах зөвлөлийн дийлэнх нь МАХН-ын гишүүд болохоор асуудал мэдээж МАХН-ынхны талд шийдэгдэнэ. Тэгэхээр МАХН МҮАН-аа хөлдөө чирээд Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах нь нэгэнт тодорхой болчихлоо.
МАХН-ын гишүүд ингэж зөрүүдэлж байгаа нь цаагуураа бас учиртай. Өөрөөр хэлбэл МАХН засгаас гарна гэж МҮАН-ыг дарамталбал тохиролцох саналыг хэн хэн нь гаргана. Харин тохиролцоо нь УИХ-ын гишүүний нэг суудлыг МАХН авах. Өөрөөр хэлбэл Ц.Оюунбаатарыг “жийгээд” оронд нь Э.Батшугарыг УИХ-ын гишүүн болгох асуудлыг нэг мөсөн шийдэх гэсэн санаархал юм. Уг нь Э.Батшугарт цэргийн алба хаах хүсэл сонирхол, тэмүүлэл байсан ч эрүүл мэндээрээ тэнцээгүй. Тэгэхээр Э.Батшугарт УИХ-ын гишүүн болох болзлоо хангасан гэсэн үг.
Одоо харин ингэж хоёрын хооронд өөх ч биш, булчирхай ч биш, шантаажилж байхаар нэг мөсөн Засгийн бүрэлдэхүүнээс гараад явчих хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байгаа. Ер нь ч тэгээд хувь, хувьсгалыг ялгалгүй айлын эрх хүүхэд шиг өөрийнхөө үзэл бодлыг тулгаж байхаар зайгаа тавиад өгчихвөл хүн чанар, ёс зүйд нийцэх бөгөөд нэр цэвэр байх алтан боломж МАХН-ынханд үлдэж байгаа юм. Яахав тэдний хөлд Эрчим хүчний сайд М.Сономпил л чирэгдэнэ биз... Түүнийг улс төрийн хатуу тоглоомны нэг золиос л гэж бодоход болно доо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )