УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, хэлэлцсэн асуудлаа амжилттай дуусгалаа.
Уг хуралдаанаар Хүнсний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Давс йоджуулж йод дутлаас сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Түүнчлэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг мөн хийлээ. Гэхдээ эдгээр нь бүгд анхны хэлэлцүүлгийн үргэлжлэл бөгөөд Ажлын хэсгээс Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн талаар байнгын хороонд оруулах саналын томъёоллыг хэлэлцсэн юм. Ингэхдээ Засгийн газраас ирүүлсэн саналтай холбогдуулан Байнгын хорооны 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Байнгын хорооны хурлаар санал хураагдсан зарим зарчмын зөрүүтэй саналуудад өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, нэгбүрчлэн санал хураасан.
Санал хураах үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “...21 дүгээр зүйлийн Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэдгийн 21.1-д буй зүйлээс “шүүгч” гэдэг үгийг хасах санал оруулж дэмжигдсэн.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, хувь хүнд ногдох торгуулийн талаар хөндөж, аж ахуйн нэгж болон байгууллагад тавигдах торгуулийг бол ойлгож байна, харин иргэнд ногдох торгууль өндөр байгаа бус уу, ашиг орлогогүй нэг айл, нэг хүнд гэхээр өндөр торгуулийг төлж дийлэх эсэх нь эргэлзээтэй юм гэдгийг хэлж байлаа.
Ингээд дээрх хуулиудын төслийн талаар хураагдсан зарчмын зөрүүтэй саналуудад байнгын хорооны гишүүд саналаа өгч, бүгд дэмжигдсэн.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцсэн дараагийн асуудал нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилттэй орон нутагт танилцсан Ажлын хэсгийн дүнг сонссон явдал байв.
Байнгын хорооны дарга Г.Баярсайхан гишүүн энэ талаар танилцуулсан бөгөөд “урт нэртэй” гэгдэх энэхүү хуулийн хэрэгжилтийн биелэлтэд анхаарал тавьж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж буйд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мөн энэ үеэр талархал илэрхийлж байсан.
Сэтгэгдэл ( 0 )