Н.Энхбаярын хэрэг – Монголын “шүдний өвчин”

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 05

Хэдхэн хоногийн өмнө Оюутолгойн гэрээг тойрсон асуудалд чиглэсэн халз мэтгэлцээнээс болж хүмүүс талцан бухимдлаа илэрхийлэн, бөөн юм болж байгаад намжин түр амсхийж байтал, МАХН-ынхны Засгаас гарна гэсэн сүрдүүлэг бий болон, дахин сенсааци дэгдээж эхэллээ.

МАХН-ын Гүйцэтгэх товчооноос гаргасан энэхүү шийдвэр ихэнх хүмүүсийн таашаалд нийцэхгүй байгаа бололтой. Шийдвэр гаргаж буй гол шалтгаан нь намын дарга Н.Энхбаярт зохиомол, хилс хэрэг тулган, хэлмэгдүүлэн хорьж байгаа явдал гэнэ.

Засгийн газар дөнгөж саяхан олон улсын бондын зах зээлээс ирээдүйгээ барьцаалан байж 1,5 тэрбум ам.долларын зээл босгон, ид их ажил өрнөх гэж байхад ингэж “шантаажлан” төр засгийн ажлыг саатуулахад хүрч байгаа нь МАХН-ын хувьд Монголын 2,8 сая иргэний эрх ашиг ганц хүний эрх ашигт ч хүрэхээргүй, тийм өчүүхэн гэдгийг илтгэж буй мэт. Мөн ард түмнийхээ төлөө бүхнээ зориулна хэмээн тунхаглан зарладаг байсан үгс нь одоогийн энэхүү үйлдэлтэйгээ өдөр шөнө мэт зөрөөд эхэлж буйг харуулж байна. Зөвхөн Н.Энхбаяр даргыг нь суллуулахын төлөө ард түмэн тэдэнд итгэж сонголтоо хийгээгүй баймаар. Өөрсдийнх нь эрх ашгийн төлөө үнэнчээр зүтгэнэ хэмээн итгэж МАХН-ыг, нэр дэвшигчдийг нь сонгосон. Санал хураалтын эцсийн дүнгээр намын рейтинг нь эрх баригч МАН-тай бараг ойролцоо хувьтай гарч, Баянсэлэнгэтэй нийлээд 9 хүн намын жагсаалтаар гишүүн болсон. Ингэж л тэдэнд итгэл үзүүлсэн. Басхүү Н.Энхбаяр гэдэг хүний нэр, нөлөө их үүрэг гүйцэтгэсэн, яг үнэндээ. 

Гэтэл яг энэ эгзэгтэй, хариуцлагатай мөчид тэд намын даргаа ард түмнээс дээгүүр тавьж, өөрсдийн үнэн дүр төрхийг харуулахаар шийдсэн бололтой. Нөгөө, хар хэл амтай, хачин муухай ааштай хэмээн адлагддаг ч, хааяа нэг тас хийтэл аймаар үнэн үг хэлчихдэг Ц.Нямдорж гишүүний нэгэнтээ өгүүлсэн  “Алтанхуяг аа чи,  ар нуруундаа хутга шаалгах Түгжилтэй эвслээ дээ” гэсэн “супер” үгс өөрийн эрхгүй санаанд орж ирж байна. Уг нь Ч.Улаан, Н.Удвал, О.Чулуунбат гэх мэт хуучин МАН-ын угшилтай, ажлаа, салбараа сайн мэддэг, ясны “хатуу самруудыг” Засгийн бүрэлдэхүүнд ороход ард түмэн ихэд талархалтай хандсан. Гэтэл тэд одоо гарна гээд байдаг...

Гэвч “жингэр нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг” гэдэгчлэн МАХН Засгаас гарсан ч төрийн үйл хэрэг явдгаараа л үргэлжлэх байлгүй. Харин ч бүр намын амбицтай иймэрхүү барьцгүй нөхдөөс салж, засаг улам цэвэрших ч юм бил үү... Хэрэв асуудал энэ маягаар шийдэгдвэл МАХН-ын хувьд улс төрийн карьераа бараг дуусгалаа л гэсэн үг. Ахин тэдэнд хэн ч итгэхгүй. Иймд Засгаас гарна гэсэн шийдвэрээ дахин нэг сайн нягтлаад үзчихэд гэмгүй л байх!

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top