ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБООНЫ ГИШҮҮДИЙН ЦУГЛААНД ОРОЛЦОГЧДООС МАХН-ЫН ТӨВ ХОРООНЫ ҮII БҮГД ХУРАЛ, БНМАУ-ЫН АРДЫН ИХ ХУРЛЫН VIII ЧУУЛГАНД ӨРГӨН БАРИХ БИЧИГ
Улаанбаатар. 1989 оны 12 сарын 10.
Цуглаанд оролцогчид бид МАХН-аас дэвшүүлсэн өөрчлөн байгуулалтыг бүрэн дүүрэн дэмжиж энэ үйлсэд чин сэтгэлээсээ мэдлэг чадварынхаа хэрээр хүчин зүтгэхийг илэрхийлэхийн хамт өөрчлөн байгуулалт шинэчлэлийн явц, тус улсын нийгэм, улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал, цаг үеийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх шаардлагыг хангахгүй байгаад сэтгэл гүнээ зовниж буй учир дор дурдсан зүйлүүдийг Монголын Ардчилсан Холбооны улс төрийн шаардлага болгон дэвшүүлж байна. Үүнд:
А. БНМАУ-ын Үндсэн хуулинд дараах өөрчлөлтийг оруулах,
1. Намаас төр, засгийн үйл ажиллагааг шууд удирдан чиглүүлэх замаар нөлөө үзүүлэх явдлыг зогсоож тус улсын улс төрийн амьдралыг олон намын системийн үндсэн дээр зохицуулах зарчмыг хууль эрхийн баталгаатай болгож АИХ-аас намын тухай хууль боловсруулан гаргах.
2. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тодорхойлсон хүн ард иргэдийн дархан эрхийг төр, засаг намын үйл ажиллагаанд дээдлэн хүндлэх зарчмыг нэгэн адил хатуу мөрдүүлэх.
3. БНМАУ-ын АИХ-ыг байнгын ажиллагаатай парламентын хэлбэрт оруулж түүний дэргэд хүний эрхийг хамгаалах ардын сонгуульт зөвлөл байгуулах.
4. Үндэсний эрх ашгийг хөндсөн нийгэм, улс төр, эдийн засгийн асуудлыг бүх ард түмнээр ил тод хэлэлцүүлэх, орон нутгийн эрх ашгийг хөндсөн асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчдын саналыг авах замаар шийдвэрлэж байх зарчмыг АДХ-ын ажлын мөрдлөг болгох.
Б. Өөрчлөн байгуулалт шинэчлэлийг хэрэгжүүлэх үйлсэд дараах арга хэмжээг даруй авах.
1. БНМАУ-ын сонгуулийн системийг үндсэнд нь шинэчлэн АИХ-ын депутатуудыг сонгох бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагас жилд багтаан явуулах.
2. Эдийн засгийн механизмыг хөдөлгөгч гол хүчин зүйл болох социалист зах зээлийн концепцийг боловсруулан бүх нийтээр хэлэлцүүлэх.
3. Банкны сүлжээг өргөтгөн, түүнийг БНМАУ-ын СнЗ-ийн мэдлээс гаргаж, АИХ-д ажлаа тайлагнадаг эрх бүхий байгууллагын статус бий болгох.
4. Хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох.
5. Тусгай хангамжийг устгах.
В. БНМАУ-ын социалист хөгжлийн замыг дүгнэн цэгнэхэд дараах тодотгол хийх,
1. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын үйл ажиллагаа, тэдгээрийн дур зоргоороо авирлах бодлогыг дуулгавартай гүйцэтгэн ирснээрээ алдаа дутагдлыг нь дэвэргэн гааруулсан тодорхой нэр бүхий эздийг илрүүлж ард түмнээр шүүн хэлэлцүүлэх зорилгоор олон нийтийн комисс байгуулах.
2. БНМАУ-ын түүхийн явцад хэлмэгдсэн үй олон эх оронч зүтгэлтэн, жирийн иргэд, ардын эмч домч, лам мэргэдийг нэр устай нь нэг бүрчлэн тогтоож түүхэнд гэгээн дурсгалыг нь мөнхжүүлэн хэлмэгдэгсдийн өмнө МАХН алдаагаа хүлээж тэдний ар гэрт зохих хохирлыг нөхөн олгох.
3. БНМАУ-ын болон МАХН-ын түүхийг үнэн бодитой шинэчлэн боловсруулах явцад ард түмний нэгдэлжих хөдөлгөөнийг дээрээс албадан тулгасан, 700 гаруй сүм хийд, түүх соёлын дурсгалт зүйл, ном судрыг устгасан, 1956 онд БНУУ, 1968 онд БНСЧСУ-ын дотоод хэрэгт зэвсэгт хүчээр хөндлөнгөөс оролцсон явдлыг сайшаан дэмжсэн зэрэг үйл ажиллагаандаа МАХН-аас улс төрийн зохих дүгнэлт хийх.
4. Монголын Ардчилсан Холбооноос дэвшүүлэн тавьж буй эдгээр шаардлагуудад албан ёсны нухацтай хариу өгөхийг МАХН-ын Төв Хорооноос хүсч байна. Олон улсын хүний эрхийн өдрийг бүх ард түмний ардчиллын баяр болгон тэмдэглэж байхыг цуглаанаас санал болгож байна.
МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 0 )