Олон, олон “О.Магнайтай” болохсон...

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 10

МОАХ-ны 23 жилийн ойд зориулсан баярын хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд болж, ардчиллын үйл хэрэгт нэгэн үзүүрт сэтгэлээр тууштай зүтгэн, тодорхой амжилт гаргасан зарим хүмүүсийг Чингисийн одон, шинэ байрны эрхийн бичгээр шагнасан билээ. Мөн энэ үеэр МОАХ-ны “2012 оны эзэн” шагналыг ШӨХТГазрын дарга О.Магнайд гардуулан, оны шилдгийн шилдэг хүнээр тодрууллаа.

Шагнал авсан нэгнийгээ заавал гоочилдог монголчуудын “тамын тогооны үлгэрийг” энэ удаа О.Магнай эвдэж, рекорд тогтоов. Хүмүүс түүний энэхүү шагналыг “нүдээ олсон”, зөв хүндээ өгсөн хэмээн бүгд талархалтайгаар хүлээн авлаа.

МОАХ-ны дарга Х.Баттулгын хэлсэнчлэн, ямарваа нэгэн зүйл болохоо байвал О.Магнайд хэлнэ шүү гэлцдэг болсон нь ард түмэн түүнд шүүх, цагдаагаас илүүтэйгээр итгэл үзүүлдэг болсныг гэрчилнэ. Энэ утгаараа О.Магнай энгийн олны хувьд “ардын баатар”, эд хөрөнгөтэй, эрх ямбатай хүмүүст бол “хадны мангаа” болжээ гэлтэй.

Нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө хийж буй тэмцлээ дан ганц үг хэлээр бус, үйл ажлаараа илэрхийлж байгаа нь түүнийг өмнө нь “хоосон яригч, популист” хэмээн ойлгодог байсан хүмүүсийн үзэл бодлыг өөрчилж чаджээ. Тэрээр ард олны эрх ашгийг зөрчсөн, монопольдож хуйвалдаж луйвардах гэсэн аливаа оролдлогыг шалган илрүүлж, шударгаар торгууль шийтгэлийг оногдуулан, таслан зогсоож байгаа нь нийгмийг аливаа зүй бус үйлдлээс сэргийлэн, цэвэршүүлэх үйлсэд чухал хувь нэмрийг оруулж байгаа билээ.

ШӨХТГазрын даргын албан тушаалд түүнийг томилсон нь үнэхээр “зөв хүнээ таньж”, зөв сонголт хийжээ гэлтэй.  Болдогсон бол, амьтдыг “клондож \хувилж\” Нобелийн шагнал хүртээд байсан эрдэмтэд шиг О.Магнайг “копидоод” шүүх, цагдаа, АТГ-ын даргаар тавьчих юмсан, тэгвэл ч ёстой “үзүүлээд өгөх” байх даа...гэж мөрөөдөв.

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top