УИХ-ын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын дэд дарга Л.Цог, Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд болох Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Д.Батцогт, О.Баасанхүү нар явсан юм.
УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, “Авлигатай тэмцэх газар нь УИХ-ын дэргэдэх байгууллага. Бид Засгийн газраас болон УИХ-аас томилогддог хуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байгаа юм. Мөн ирэх 2014 оны төсвийн төлөвлөлтийг хийж байгаатай холбогдуулан танай байгууллагын саналыг сонсох зорилготой байна. Зургаан жилийн өмнө Авлигатай тэмцэх газрыг байгуулах гээд хууль батлах гэж байхдаа УИХ-ын гишүүн асан Г.Занданшатар бид хоёр ХонгКонгын Авлигатай тэмцэх газрын үйл ажилтай танилцаж байсан. Энэ ч утгаараа хууль санаачлагч гишүүний хувьд танай байгууллагын үйл ажиллагааг сонирхож байгаа юм.
Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах үүрэгтэйгээс гадна соён гэгээрүүлэх үүрэгтэй. 2012 онтой харьцуулахад хөдөө орон нутгийн удирдлагуудын төсвийн эрх мэдэл 2,3 дахин өсч байгаа. Шинээр сонгогдсон Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хариуцлага нэмэгдэнэ. Тэр хэрээр хяналтын хүчин чадал сайжрах учиртай. Он гаргаад хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг авч эхэлнэ. Авлигатай тэмцэх тухай хуулийн талаар мэдлэгтэй, мэдлэггүй олон хүн байгаа учраас санаатай, санаандгүй алдаа гаргуулахгүйн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатай. Энэ талаарх мэдээллийг хөдөө орон нутгийн удирдлагуудад хүргэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Аймаг, сумдын ажилтнуудаа чадавхжуулах, иргэдийг мэдээллээр хангахад анхаарлаа хандуулахыг хүсэх байна. 2011 онтой харьцуулахад танай байгууллагын үйл ажиллагаа сайн байсан гэдгийг хэлэх нь зүйтэй юм. Гэхдээ сайн байсан гээд орхихгүй цаашид илүү сайжруулах тал дээр дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллах хэрэгтэй” хэмээн онцлов.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )