УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Бонд гаргана

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 11

 

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй Цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Хүний хөгжил сангаас өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 340 мянган төгрөгийг олгохдоо бонд  гаргана гэсэн. Үнэн үү?

-  Тийм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настангуудад нэг сая төгрөгийг олгоход өнгөрсөн жилийн төсөвт 320 гаруй тэрбум төгрөгийг суулгаж баталсан. Гэхдээ энэ мөнгөний зарим хэсэг нь хүний хөгжил сангаар бүрдэнэ. Дийлэнх хэсэг нь бүрдэх боломжгүй байгаа. Тиймээс бонд гаргаж байгаа юм.

Мөн Монголбанкнаас 300 гаруй тэрбумын зээл авсан болохоор  оны эцэст энэ зээлийг төлөх болж байгаа. Зээлээ төлье гэхээр Хүний хөгжил сангийн хуульд зээл төлнө гэсэн заалт байхгүй байгаа юм. Тиймээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй бол  зээлийг нь төлөх бололцоогүй болчихоод байгаа юм. Ийм хоёр үндэслэлээр Хүний хөгжил сангийн хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй нөхцөлд орсон.

- Бондын хүүний хувьд?

- Арилжаагаар л шийдэгдэнэ. Бид санал болгоно. Өмнө нь гаргасан Засгийн газрын бондын хүүгийн дундаж үзүүлэлт жилийн 10-11 хувийн хүүтэй байгаа. Тэр түвшинд борлогдох байх гэж бодож байна.

- Энэ онд амжиж иргэдэд  мөнгө олгох боломжтой юу ?

-Бонд гарчихвал өгнө. Гаргаж чадахгүй бол өгөхгүй болоод байгаа юм.

- Арьс ширний үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд 200 тэрбумын бонд гаргана гэж байгаа. Энэ бондыг гаргах боломжтой юу?

- Арьс ширний нийлүүлэлт эхэлж байгаа энэ үед бондыг гаргаад, малчдад мөнгийг нь олгочихвол үр дүнтэй болно. Тэгэхгүй хавар гэвэл ноосны мөнгийг өгч чаддагүй шиг л юм болно. Цаг хугацааныхаа хувьд одоо л чухал байгаа юм. Нөгөөтэйгүүр олон зуун тэрбумын бонд арилжаалахаар худалдаж авах иргэд, санхүүгийн байгууллага ямар байна гэдэгт анхаарах ёстой. Цаг үеийнхээ хувьд одоо л шийдэх асуудал.

- Засгийн газрын нэр дээр гарч байгаа бондын хэмжээ хэд болоод байна вэ?

- Төсвийн хязгаарт тавьсан хэмжээндээ байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд хязгаар тавьж өгсөн. Энэ хүрээндээ байгаа юм. Арьс шир, хүний хөгжил санд зориулан гаргах бондыг хэдий хэмжээгээр арилжаалснаас хамаарч оны эцэст нийтдээ дотоодын зах зээл дээр хэчнээн хэмжээний төсвийн өр үүсээд байна вэ гэдгийг мэдээлнэ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top