Хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр арванхоёрдугаар сарын 10-нд болдог.
Хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хороог Засгийн газрын 98 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулж, тус хорооны ээлжит хуралдааныг олон улсын хүний эрхийн өдөрт зориулан зохион байгууллаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр хүний эрхийг бодлогын түвшинд тодорхойлсон гэдгийг онцлов.
12 дугаар сарын 10 бол. Монгол Улсын хувьд ч түүхэн өдөр. 23 жилийн өмнөх яг энэ өдөр Монголын Залуучуудын соёлын төв ордны урд талбайд Хүний эрх, эрх чөлөөний асуудлаар хамгийн анхны жагсаал цуглааныг зохион байгуулсан нь Монголд ардчиллыг авчирсан юм. Ийм түүхэн өдөр хорооны хурал таарч байгаад баяртай байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны 2012 оны ээлжит хурлыг нээж хэлсэн үгийнхээ эхэнд тэмдэглэлээ. Тус хороо нь шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр анхны хурлаа хийж буй бөгөөд хороог Ерөнхий сайд Н.Алтанхуяг даргалдаг юм.
Хүний эрхийн талаар дэлхий нийтээр баримталж буй бодлогыг улс төр, эдийн засаг, байгаль экологийн гэж үндсэн гурван хэсэгт хуваасан байдаг. Монголчууд бид 23 жилийн өмнө улстөрийн өөрчлөлтөө хийсэн. Тиймээс эдийн засаг, байгаль экологийн асуудалд монгол хүний эрхийг хангахад Шинэчлэлийн Засгийн газар гол бодлогоо чиглүүлэн ажиллаж байгааг Засгийн газрын тэргүүн илэрхийлээд хүний эрх жижиг асуудлаар ч зөрчигдөх ёсгүйг онцлов. Жижиг гэж тоолгүй орхисон асуудал бүрт хүний эрх зөрчигдөж байдаг гэж Ерөнхий сайд хэллээ.
Эдийн засгийн өндөр өсөлтийн тоонд баярлах бус энэ өсөлт жирийн монгол айлын босгыг давж орж байна уу, үгүй юу гэдгийг тогтоох шаардлагатай. Хүний эрхийг хамгаалъя гэвэл авилга гэж нэргүй дайсантай байлдахаас урьтаж, Засгийн газар, яам, харьяа агентлагуудын удирдлага, төрийн албан хаагчид авлигаас ангид орчинд ажиллах учиртай. Засгийн газрын гишүүд авилгаас ангид байна гэж гарын үсэг зурж ажлаа эхэлсэн нь авлигагүй амьдарч болох юм байна гэсэн сэтгэлзүйн орчныг нийгэмд бий болгосон гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн хүний эрхийг хамгаалахад шүүх цагдаагийн байгууллагууд иргэдийнхээ төлөө, тэдний итгэлийг дааж чадах хэмжээнд ажиллах шаардлагатай юм гэдгийг ч тэрбээр тэмдэглэлээ.
Хүний эрхийг хамгийн ихээр зөрчдөг гэгддэг төр засаг энэ нэрнээсээ салахын тулд ард түмэндээ нээлттэй, ид тод, түргэн шуурхай үйлчилгээ нэвтрүүлэх шаардлагатай. Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд энэ тал дээр олон ажлыг эхүүлсэн. Хүний эрхийг хамгийн ихээр зөрчдөг авлигыг үгүй болгохын тулд Засгийн газар үлгэрлэн ажиллах болно. Хүний эрхийг зөрчдөг бас нэг том аюул болсон хариуцлагагүй байдлыг Шинэчлэлийн Засгийн газар үлдэн хөөж, хариуцлагатай байх гэдгийг өөрөөсөө харуулж эхэлсэн. Төрийн байгууллагын ажил өглөө 8 цагт эхэлж, Засгийн газар бямба гариг бүрт 10 цагаас хуралддаг болсон. Энэчлэн Засгийн газар өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж байна. Хүн бүр нэгнийхээ өмнө хариуцлагатай байвал хүний эрхийг хэн ч зөрчихгүй юм гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )