Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Гүйцэтгэх хорооны 7 дугаар хуралдаан Америкийн ардчиллын үзэл санааны өлгий нутаг гэгддэг Виржиниа муж улсын Шарлоттсвилл хотын ойролцоох «Ерөнхийлөгчдийн эдлэн» хэмээх газар энэ сарын 11-нд болов.
Хуралдааныг Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С. Бадрал удирдан явуулж, 2013 оны 4 дүгээр сард Улаанбаатарт болох АОХН-ийн сайд нарын 7 дугаар бага хурал болон салбар хуралдаануудын зохион байгуулалт, сэдвүүд, бусад бэлтгэл ажил, Сайд нарын бага хурлаас гаргах баримт бичгийн төсөл боловсруулах баг байгуулах, баримт бичгийн бүтэц, хавсралтуудын сэдвүүд, Гүйцэтгэх хороо болон Нарийн бичгийн дарга нарын газраас хийж гүйцэтгэх ажлууд, мөн АОХН-ийн дарга орныг сонгох журам, Гүйцэтгэх хороог томилох журам, АОХН-ийн төсөв, санхүү зэрэг асуудал хэлэлцүүлэв.
Гүйцэтгэх хорооны гишүүд Виржиниагийн Их сургууль, АНУ-ын түүхэн ерөнхийлөгчид болох Томас Жефферсон, Жеймс Монро, Жеймс Мадисон нарын нэрэмжит төвүүдийн удирдлагатай уулзаж, хамтран ажиллах боломж, чиглэлүүдийн талаар санал солилцлоо гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )