МАН-ын албан бус бүлэг дөнгөж сая хуралдлаа. Хуралдааны дараагаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй. Улмаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас цөөн зүйл тодрууллаа.
- Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар ямар асуудлуудыг хэлэлцэв?
- УИХ-ын төвшинд хэд, хэдэн чухал асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэх ёстой байгаа. Энэ хүрээндээ парламентад хамгийн олон суудал бүхий хоёр нам санаачлага гаргаж, зөвшилцөх ёстой гэж үзсэн. Тиймээс манай нам Ардчилсан намын бүлэгтэй хэлэлцээрт ороод байна. Манай намаас ажлын хэсэг бас байгуулагдсан байгаа. Тэр хүрээн дэх асуудлыг ярилаа.
- Тухайлбал?
- Зөвшилцөл явуулах асуудлуудаа Ардчилсан намд албан ёсоор тавьсан. Нэн тэргүүнд бүлэг байгуулах асуудал, гишүүдийн бүрэн эрхийн асуудал, мөн Засгийн газраас гаргасан бондод хяналт тавих асуудал багтаж байгаа. Энэ хүрээнд ажил эрчимжтэй явагдах байх.
- Хэлэлцээр амжилттай болвол УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанд оролцох нь ээ?
-Хоёр намын зөвшилцөл амжилттай урагшилбал бид оролцоно.
-Бондын асуудал МАН шүүмжлэлтэй хандаж байгаа. Яагаад?
-Бонд гэдэг маань өөрөө их хэмжээний өр. Хамгийн сүүлд гаргасан 1.5 тэрбум ам.долларын бондод өдөрт 270 сая төгрөгийн хүү төлж байна. Түрүүн нь гаргасан Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондод өдөрт 120 сая төгрөгийн хүү төлж байсан. Энэхүү бонд нь нийлээд нэг өдөрт 390 сая төгрөгийг алдаж байна. Тэгтэл Засгийн газар Монголбанкинд 2 их наяд төгрөгийн дотоод өртэй байгаа нь эдийн засгийн дотоод дахь өрийн дарамтыг улам өндөр болгож байна. Шүүмжлэлтэй гол асуудал нь тэрхүү үнэт цаасыг юунд зарцуулах нь тодорхой бус байгаа нь хамгийн их санаа зовоож байна. Тэр тусмаа дээр нэр дурдсан бондын хүүнд өдөрт 400 сая төгрөгийг хоосон төлж байна шүү дээ. Малын тоо толгойгоор жишвэл, багаар бодоход 50 мянган хонь өрөнд төлж байна гэсэн үг юм.
-“Чингис бонд”-той холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Зөвлөмж зөв зүйтэй гарсан. Гол асуудал юунд байна вэ гэхээр бондыг хэрхэн юунд зарцуулах нь тодорхой бус байгаа нь маш эмзэг байгаа юм. Монгол Улсаа барьцаалж байж зээл авчихаад байна шүү дээ.
-МАН-ын гишүүд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэгт орох нь гэсэн мэдээлэл гарах боллоо?
-Улстөрийн түмэн хувилбар явагдаж байна, үгүйсгэж болохгүй. Тэр тусмаа МҮАН, МАХН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг биднийг хамтарч ажиллая гэвэл яагаад болохгүй гэж.
- Тодруулга өгсөн таньд баярлалаа
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )