Монголын Залуучуудын Холбооноос хуучнаар хүүхдийн паркийн газрыг хүүхэд, залууст эргүүлэн өгөх асуудлыг хөндөж “Паркаа аваръя” хөдөлгөөнийг өрнүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Өмнө нь хүүхдийн паркийн асуудлыг хөнддөг байсан боловч, ямар нэгэн бодит үр дүнд хүрээгүй өнөөг хүрсэн. Харин Монголын Залуучуудын Холбооны эхлүүлсэн энэ ажил хүүхэд залуучууд, олон нийтийн дэмжлэгийг авч, албан ёсоор хөдөлгөөн болон өргөжөөд байгаа билээ. Хамгийн сүүлд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн ахмад гишүүд, хүүхэд залуучуудын байгууллагууд нэгдэж, дэмжиж буйгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан илэрхийлсэн. Энэ удаа “Паркаа аваръя” хөдөлгөөнд УИХ-ын нэр бүхий гишүүд нэгдэж, хүүхдийн паркаа аврах үйлсэд дуу хоолойгоо хүргэж эхэллээ. Паркийн газрын асуудлаар болон хүүхэд залуусыг хөгжүүлэх зорилгоор баригдсан барилга байгууламжийн талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Ганбаатар, С.Одонтуяа, Ж.Энхбаяр нар МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягт дараах 6 асуулга бүхий саналыг тавьжээ.
“Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс гадна хүүхэд, залуусыг хөгжүүлэх зорилгоор баригдсан боловч зориулалтын бус хэлбэрээр ашиглагдаж, бүрэн гүйцэт ажиллахгүй байгаа олон байгууламж байна. Иймээс Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу дараах асуулгыг бүрэн эрхийнхээ хүрээнд Танд хандан тавьж байна:
1. Монгол Улсын хэмжээнд нийт хэдэн хүүхэд, залуучуудын зориулалттай барилга, байгууламж байсан, тэдгээрийн хэдийг бүрэн болон хэсэгчлэн хувьчилсан, одоогийн байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой хүүхэд залуучуудад зориулсан барилга, байгууламж, тэдгээрийн газрын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх,
2. Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар, түүний барилга, байгууламж, тоног төхөөрмжийн өмчлөлийн тухай өмчлөгч тус бүрийн эзэмшиж байгаа хувь, хэмжээ, хэзээ, ямар аргаар, ямар нөхцөлтэйгээр хувьчилсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх,
3. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа аж ахуйн нэгжүүд болох “Мон Уран”-ы 1.1 га, “Шангрила Улаанбаатар зочид буудал” ХХК-ийн 3 га, Сөүл рестораны 0.9 га газрын өмчлөл, эзэмшлийн гэрээний нөхцөл, хугацааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх,
4. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 32 га газраас 12 га газарт “Бодь” группын “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК нь бүтээн байгуулалт хийж, үлдсэн 20 га газарт нь бизнес төв, зочид буудал барихаар төлөвлөж байгаа талаарх мэдээлэл өгөх,
5. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талаар Засгийн газар ямар байр суурьтай байгаа, цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хүрээлэнгийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа аж ахуйн нэгжүүдийг тус газрыг зориулалтаар нь ашиглахад ямар нөхцөл, болзол тавих тухай,
6. Монгол Улсын 2013 оны төсөвт туссан Ерөнхий сайдын багцад байгаа 50 тэрбум төгрөгнөөс хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийг хүүхдийн паркийн нутаг дэвсгэрт байгуулах, тэдгээрт зориулсан бусад арга хэмжээ төлөвлөгдсөн талаар мэдээллийг ирүүлнэ үү.
Энэхүү асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд ирүүлж, улмаар Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье” гэжээ.
Ийнхүү “Паркаа аваръя” хөдөлгөөнд УИХ-ын гишүүд идэвхтэй оролцож, энэ асуудал Засгийн Газрын хэмжээнд яригдахаар боллоо. Хүүхэд залуучуудад нааштай шийдэгдэнэ гэдэгт олон түмэн итгэж байна. Монголын Залуучуудын Холбооныхон ч цаашид энэ асуудалд улам идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн юм.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )