Н.Энхбаяр халаасныхаа намтай МАН-д элсэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 13

 

Энхийн цагаан тагтаа, чухам ариун цэвэр улс төрийн хүчин гэж өөрсдийгөө тодорхойлсоор олон нийтийн дэмжлэгийг авсан нам бол МАХН. Гэвч тус нам байгуулагдаад удах тусам зэс нь цухуйж эхлээд байна. Өөрөөр хэлбэл тус нам сүүлийн үед улс орны эрх ашгаас илүү экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэр бүлд үйлчлээд байгаа мэт үйлдэл ихийг гаргах болсон.  

Үүний нэг нь мэдээж хэрэг  засгаас гарах мэдэгдэл.  Энэ мэдэгдлийг гаргахад хүргэсэн хүн бол экс тэргүүн хатагтай О.Цолмон.  Тэрбээр МАХН-ын гүйцэтгэх товчооны хуралдаан дээр “Засгаас гарцгаа. Энхбаяр байгаагүй бол та нар муусайнууд хэн ч биш байх байсан.  Хэний нөлөөгөөр хаана хүрчихээд та нар энд сууж байгаагаа бодоорой” гэх агуулга бүхий  ширүүхэн үгсийг  чулуудаж МАХН-ынхныг бөөнд нь “хүчиндсэн”.  Чухам үнэнийг цөөн үгээр хэлсэн тул гүйцэтгэх товчооныхон дуугүй л түүний шийдвэрийг дагасан гэж эх сурвалжууд хэлдэг.  

Үүнийг батлах гэсэн мэт МАХН-ынхан “хоншоортой” юм шиг сайдынхаа суудлаас салаад, тамга тэмдэгээ өгчихгүй л байгаа юм.

Н.Энхбаярын гэр бүлд үйлчилж байгаагийн дараагийн жишээ бол  УИХ-ын гишүүний нэг хоосон суудал. Уг нь энэ суудалд Ц.Оюунбаатар  аль  эрт суучих байсан.  Ийм боломж өдгөө болтол нээлттэй байгаа.  Гэхдээ тэрбээр МАХН-ын дарамтад орсон учраас  өнөөдрийг хүртэл шүд зуун, тэвчээрийнх нь утас тасрах дөхөж л байх учиртай .   Ц.Оюунбаатарын оронд  мэдээж хэрэг Н.Энхбаярын гэр бүлийн  гишүүн орж ирнэ.  Тэр нь өнөөгийн чамлахааргүй албан тушаалд томилгдоод байгаа Э.Батшугар. Хэрвээ энэ суудлыг Э.Батшугарт өгчих юм бол  Н.Энхбаяр угсаа залгамжилж байгаа гэдэг утгаараа хэсэгтээ л санаа амарна.  

 МАХН хэдийгээр МҮАН-тай 9 жил хамтрах гэрээ байгуулсан энэ хугацаа дуусахаас өмнө хагаралдах нь тодорхой болоод байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдөр тус эвсэл будлиантай, будаан дээрээ зодоонтой гэдэг шиг л алхам тутамдаа намаараа талцан муудалцаж байна. Муудалцааны тоог нэмж байгаа өөр нэг зүйл бол албан тушаалын томилгоо.   Ихэнхид нь  МАХН ялаад байхаар МҮАН-ын сэтгэлд сэв суусаар байгаа.

Энэ мэт олон бодлогогүй  үйлдлээс болж  өнөөдөр МАХН-ын нэр хүнд унаад  байгаа.  Үүнийг орон нутгийн сонгуулийн үр дүн хангалттай харуулсан.  Тэгэхээр  МАХН-д  удаан нэр хүндтэй оршин тогтноход бага хугацаа үлдээд байгаа гэсэн үг.  Ийм үед  МАХН, МАН эвсэж бүдүүн бүлэг байгуулах тухай яриа гарч байгаа.  Үүнийг угсаа гарал нэг, улс төрийн хоёр хүчин үгүйсгэхгүй байгаа.

Одоо зарим нэг зарчмын зөрүүтэй саналаа нэгтгээд  нийлнэ гэсэн үг.  Гэхдээ үүнд мэдээж хэрэг багагүй хугацаа шаардагдана. Тиймээс энэ хугацаанд МАН, МАХНын аль аль нь харилцан биедээ тусалж, хувь хувьсгалын хүчээ зузаатгах юм. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр  МАН-ын тусламжтайгаар  ариун цагаан тагтаа болоод МАН-ыг  сайн нам, сайхан нөхөд хэмээн магтана. Процессыг нь дэлгэрүүлээд өгье. Тун хялбар.  Эрүүгийн хуулиар бол ял эдлүүлэх боломжгүй  20 орчим өвчин байдаг.  Тэдгээр нь манайд биш гадаадад оношлогддог гэж байгаа.   Үүнийг МАХН-ынхан  ажил хэрэг болгох гэхэд бага зэрэг тусламж, сүр нөлөө дутаад байгаа. Үүнд нь МАН хүний сайхан сэтгэлээр тусална. Хариуд нь МАХН-ынхан МАН-ын бүлгийг албажуулаад л өгнө.

Бүлэгтэй болж, хууль эрх зүйн чадамжтой болсон МАН-ынхан улс төрийн ууган хүчин гэсэн зангарга гаргаж  Н.Энхбаярын гэр бүл болон намд нь буцалтгүй тусламж үзүүлнэ.

Тэгвэл ингэж нэгдэх нь хэнд нь ашигтай вэ?  МАН, МАХН-д ашигтай.  Урвагч шарвагч, овоо гар хэмээн хэлүүлж байгаа Н.Энхбаярыг намынх нь хамт буулгаж авна гэдэг МАН-ын хувьд тун таатай хэрэг.  Харин үүнийг дураа хүрвэл сайхнаар, дүргүйгээ хүрвэл зэвүүнээр тайлбарлачихна. Харин МАХН-д  ашигсаад байх зүйлгүй.  Зөвхөн Н.Энхбаярт л ашигтай.  Тэр төрхөмдөө нэр төртэйгээр ирж байгаа болохоор овоо олон зүйл ярина

Одоо ганц л зүйл олны анхаарлыг илүүтэй татаж байгаа юм.  Өөрөөр хэлбэл МАХН, МАН намууд   Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө нэгдэх үү, үгүй юү гэдэг асуудал болно.  Хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө нэгдчихбэл  Намбарын хүү “Би нэр дэвшинэ, би ялна, та нар зүгээр л хараад суралц” хэмээн томорно.  Тэгэхээр МАН-ын зарим нэг нөхдийн найдлага тасарна.  Тиймээс МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш нэгдэх горимын санал гаргана.  Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хойно нэгдвэл  МАН-ынханд  нэр төр, эрх мэдэл зүгээр л өөрөө ороод ирнэ гэсэн үг. Тэдний хувьд залуухан улс төрчдөөс бүрдсэн МАХН-ыг бөөрөлхөхөд хялбар бөгөөд тэднийг утсан хүүхэлдэй шиг зоргоороо ашиглана. Энэ бол туйлын үнэн  гэдэг шиг гарцаагүй үнэн юм.  

Харин МАХН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө ойрын чин хүслээ биелүүлчихвэл Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыгаа нэр дэвшүүлээд л гараад ирнэ хэмээн бодож байгаа.

Улс төрийн санаагаараа МАН хол явах уу? МАХН хол явах уу гэдгийг хараад, хүлээгээд л сууж байя.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top