Цэцэрлэг, ЕБС-ийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны 1197 барилга барих шаардлагатай

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 13

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2012.12.13/ нэгдсэн хуралдаанаар “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Ажлын хэсгээс улсын хэмжээнд нэн чухал хэрэгцээтэй байгаа цэцэрлэг, ЕБС-ийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны 1197 барилгын жагсаалтыг хавсралтаар батлах санал оруулсныг гишүүдийн олонхи дэмжжээ. Түүнчлэн жагсаалтад заасан барилгуудыг 2013-2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж, барилга тус бүрийн байршил, хүчин чадал, зардлын хэмжээ, хөрөнгийн эх үүсвэр, барих хугацааг нарийвчлан тодорхойлж, 2013 оны эхний улиралд багтаан баталж мөрдүүлэх зэрэг санал ч мөн дэмжлэг авсан юм байна.

Тус байнгын хорооны санал, дүгнэлтийг хуралдаанд танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын жасаалт, санхүүжилтын асуудлыг батлах гэж байгаа болохоор энэ асуудлыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэсэн горимын саналыг гаргасныг Төсвийн байнгын хорооны дарга дэмжсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.1 хувь нь дэмжин Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top