УИХ-ын өнөөдрийн /2012.12.13/ үдээс хойшхи чуулганы хуралдаан Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, Боловсролын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсхэд гишүүд санал хэлснээр эхэллээ. УИХ-ын гишүүн С.Баярцогт Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслийг дэмжиж хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хэлж байсан. Улмаар УИХ-ын гишүүдийн 88,5 хувийн саналаар дээрх хуулиудын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь УИХ-ын гишүүдийн 94,3 хувийн саналаар баталлаа. Дээрх хуулийн төсөлд УИХ-ын гишүүдээс ямар нэг санал гарсангүй. Энэ хуультай холбогдох, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төсөл мөн 90,6 хувийн саналаар эцэслэгдсэн. Хүний хөгжлийн сангаас олгож байсан нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянган төгрөгийг гүйцээн олгохдоо Засгийн газраас бонд гаргах шаардлагатай болсон юм. Энэ үлдэгдэл мөнгөний санхүүжүүлтэд 336,5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Тиймээс Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаар иргэд нэг сая төгрөний үлдэгдэл мөнгөө авах бололцоо бүрдлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )