Шадар сайд Д.Тэрбишдагва: Би өөрийн ажлыг хариуцлагатай хийж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 13

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Шадар сайдыг үүрэгт ажлаасаа сайн дураараа огцрох ёстой хэмээсэн билээ.  Тэгвэл энэ талаар Шадар сайд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

- Ж.Батзандан гишүүн таныг ажлаа муу хийж байгаа учир суудлаа чөлөөлөх хэрэгтэй гэсэн шаардлага хүргүүлсэн. Та үүнийг яаж хүлээж авч байна вэ?

- Энэ Ж.Батзандангийн өөрийнх нь асуудал. Бид Онцгой байдлыг онцгой сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар өгөн хариуцлагагүй ажиллаж байгаа хүмүүсийг албан үүргээс нь чөлөөлж энэ салбарыг чадавхжуулахын төлөө олон ажлыг хийж байна.

Тухайлбал хариуцлагагүй ажилласан Сэлэнгэ аймгийн онцгой байдлын албаны даргыг халаад одоо цагдаа, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл онцгой байдлын албанд хийхээр төлөвлөсөн ажлаа  дөнгөж эхэлж байна. Аймаг болгон өөрийн онцгой байдлын албатай. Аливаа ажилд хариуцсан хүн нь ажлаа хийх ёстой. Сайн ажилласан хүмүүсийг урамшуулан дэмжих, саар ажиллаж байгааг нь хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг.

Засгийн газар байгуулагдаад 100 гаруй хонож байхад Онцгой байдалтай холбоотой томоохон алхамуудыг бид хийж байгаа. Хүний амь нас үрэгдэж байгаа нь харамсалтай хэрэг. Энэ бүгдэд хариуцлага муу болон техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу байгаа зэрэг нөлөөлж байгаа.


-
Шадар сайд өөрөө ажлаа өгөхгүй бол огцруулах асуудлыг УИХ-д оруулна гэж байсан. Үүнийг юу гэж хүлээж авч байна?

- Шаардлага хүргүүлэх үгүй нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. Үүнд миний бие айж эмээгээд байх зүйл алга. Би өөрийн ажлыг хариуцлагатай хийж байна. Энэ нь  миний гол зарчим. Ж.Батзандан гишүүний юу гэж ярих нь тэр хүний асуудал хэрвээ би өөрийн ажлаа муу хийсэн бол ажлаа өгөхөөс айх зүйл байхгүй. Харин улс төрийн захиалгатай зүйл хийж өөрийөө баатар болгох, утсан хүүхэлдэй болгох алхам хийж байгаа бол харамсаж байна.

Хүний амь нас гэдэг бол чухал асуудал, гэхдээ байгаа зөв онох хэрэгтэй. Хэрвээ УИХ-д асуудал оруулаад намайг огцруулах шийдвэр гаргавал ажлаа өгнө.  Би  хэнээс ч  айж эмээхгүйгээр  ажлаа л хийж байна. Харин Батзандан надад шаардлага хүргүүллээ гээд  өнөөдөр онцгой комисс хуралдаж байгаа хэрэг биш бид төлөвлөгөөнийхөө дагуу хуралдаж байна. Өвөлжилт хүндэрч байгаа учир бид хурлын хуваарийн дагуу хуралдлаа.

- Тодруулга өгсөнд баярлалаа

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top