Шадар сайдыг огцруулах захиалга авав

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 17

Шадар сайд Д.Тэрбишдагвыг үүрэгт ажлаа хариуцлагагүй хийж байна гэсэн үндэслэлээр огцрохыг шаардсан албан бичгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүргүүлээд байгаа. Тэрбээр Сэлэнгэ аймгийн нутаг Орхон Сэлэнгийн бэлчирээр гол гаталж яваад усанд урсаж сураггүй алга болсон эх хүү хоёрыг анх усанд унахад аврах ажиллагааг хангалттай зохион байгуулж чадаагүй. Тиймээс Шадар сайд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох ёстой хэмээн үзэж байгаа юм. Харин Шадар сайдын тухайд эх хүү хоёрыг аврах ажиллагааг хариуцлагагүй гүйцэтгэсэн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албаны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.  Би өөрийн үүрэгт ажлаа тун сайн хийж байгаа, Ж.Батзандан намайг огцруулах захиалгыг хэн нэгнээс аваад л энэ асуудлыг хөндөж байна гэсэн хариу мэдэгдлийг хийж амжсан. Тэгвэл Ж.Батзандан мөн л хариуг нь тэр дор нь өгч, "Би захиалгаар хөдөлж байгаа. Миний ард 2.8 сая монгол хүний эрх ашиг бий. Хариуцлагагүй албан тушаалтныг огцруул гэдэг захиалгыг монголын ард түмэн өгсөн" хэмээн амыг нь таглав. Үйл явдал хэрхэн өрнөж огцруулах ажиллагаа хаашаа эргэхийг харах л үлдэж байх шив.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top