Хятад, Япон хоёр улсын хооронд зуун дамнан үргэлжилж байгаа маргаантай арлуудын асуудал нэг тийш болох цаг хэзээ вэ гэдэг асуултын хариултыг өгч чадах тал одоогоор алга байна. Японы тал Сенкакү арлуудын гурвыг нь худалдан авч төрийн мэдэлдээ оруулсан тухай мэдээлэл гарснаас хойш ихээхэн догшироод байгаа Хятадын талыг хэрэг явдлыг хурцатгахаас зайлсхийх хэрэгтэй байна гэсэн агуулга бүхий байр суурийг Америк илэрхийлчихээд байж байна. Ерөөс арлуудын маргаан даамжрах тусам тэргүүлэгч гүрнүүдийн эдийн засгуудад ихээхэн хохирол дагаж ирж болзошгүй гэдгийг өнгөрсөн удаагийн “тэмцэл” бататган харуулсан учир Америк тэргүүтнүүд Хятад, Японы маргааныг даамжруулах сонирхолгүй байгаа. Гэсэн ч ард иргэд нь айхтар дургүйцэж бослого тэмцэл хийн, наран улсын далбааг шатааж, гишгэлэх болсон Хятадын тал эсэргүүцлээ дахин ил тодоор илэрхийлчихээд байгаа юм. Тус улсын дөрвөн хөлөг онгоц Сенкаку арлууд орчмын бүс рүү дахин цөмрөн орсон учраас Японы эргийн хамгаалалтын хөлгүүд Хятадын хөлөг онгоцуудыг дагахын сацуу өөрийн улсаас гарахыг шаардаж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан. Тэгвэл одоо талууд илүү хүчтэй техник хэрэгслийг ашиглан тэмцэж эхэлж буй нь ч олон улсын ажиглагчдын анхаарлыг татаж байна.
Гол нь Хятад улс бусдын шаардлагыг тэгж хүлцэнгүй биелүүлэхгүй гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулсаар ирсэн. Ямартаа л Япончуудын алхам нь унтаж байсан лууг сэрээсэн явдал боллоо хэмээн манай хойд хөршийн шинжээчид тэмдэглэсэн юм. Өмнөд хөршийн тухайд угаас өөрийн гэж үзэж ирсэн таван арлынхаа гурвыг Японы төрийн мэдэлд зүв зүгээр шилжүүлчихгүй.
Түрүүн өгүүлсэнчлэн АНУ-ын тухайд азийн тэргүүлэгч эдийн засгууд болох энэ хоёр улсын хоорон дахь маргаантай асуудлын бурууг Хятадад тохох хандлагатай. Хятад улс эдгээр арлуудтай холбоотойгоор Япон улс руу халдаж байгаа нь Америкийн эрх ашигт харшилсан явдал хэмээж байгаа. Гэтэл Хятад улсын тухайд энэ асуудалд Америкийг хөндлөнгөөс оролцох ёсгүй гэж үзэж байгаа юм. Ямартаа ч энэ хоёр улсын хоорондох арлуудын маргаан эдийн засагт эрсдэл дагуулж байдаг.
Наран улсын тухайд маргаантай арлуудыг өөрийнхөө мэдлийнх гэдэг дээр эргэлзээгүй байр суурийг илэрхийлдэг. Тус улсын Засгийн газар 1885 оноос эхлэн Окинава мужийн холбогдох агентлагуудаар дамжуулан Сенкакү арлуудын талаар нарийн судалгаа явуулсан байдаг. Эдгээр судалгааны дүнд Сенкакү арлууд дээр хүн оршин сууж байгаагүй ба Хятадын Чин улсын эзэмшилд байсан талаар аливаа баримт нотолгоо олдоогүй гэнэ. Тиймээс ч Япон улсын Засгийн газар нь 1895 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоороо арлууд дээр тэмдэг босгон Сенкакү арлуудыг албан ёсоор өөртөө нэгтгэсэн аж. Ийн нэгтгэснээс хойш Сенкакү арлууд нь Японы газар нутгийн нэгэн хэсэг болох Нансэй Шото Арлуудын салшгүй хэсэг байсаар иржээ. Эдгээр арлууд нь 1895 оны 5 дугаар сард хүчин төгөлдөр болсон Шимоносэки гэрээний хоёрдугаар заалтын дагуу Хятадын Чин улсаас Японд шилжүүлсэн Тайвань болон Пескадорын арлуудын бүрэлдэхүүнд багтаж байгаагүй аж.
Тиймээс Сенкакү арлууд нь Сан Францискогийн энхийн гэрээний 2 дугаар зүйлийн дагуу Япон улсын эзэмших эрхийг түдгэлзүүлсэн газар нутгийн бүрэлдэхүүнд ч ороогүй байна.
Харин дээрхи гэрээний 3 дугаар зүйлийн дагуу Сенкакү арлууд нь Нансэй Шото арлуудын бүрэлдэхүүнд ордогийн хувьд АНУ-ын мэдэлд орсон бөгөөд 1971 оны 6 дугаар сарын 17–ны өдөр Япон, АНУ-ын хооронд Рюкю болон Дайто арлуудын талаар байгуулсан гэрээний дагуу Японы мэдэлд очсон байна.Дээрх баримтууд Сенкакү арлууд нь Япон улсын газар нутгийн нэгэн хэсэг болохыг тодхон харуулж байгаа гэж тус улсын зүгээс үздэг аж.
Түүнчлэн Сан Францискогийн энхийн гэрээний 3 дугаар зүйлийн дагуу АНУ-ын мэдэлд очсон тус арлуудын статусын талаар Хятад улс аливаа эсэргүүцэл илэрхийлж байгаагүй нь Сенкакү арлуудыг Тайваний бүрэлдэхүүн хэсэг хэмээн тооцож байгаагүйг харуулна. Харин 1970 оны сүүлээр Зүүн Хятадын тэнгисийн эх газрын хормой дахь газрын тосны нөөцийг хөгжүүлэх тухай яригдаж эхэлснээс хойш Хятадын засгийн газар болон Тайваний удирдлагын зүгээс Сенкакү арлуудын талаархи асуудлыг тавьж эхэлсэн гэж байгаа юм.
Цаашилбал, олон улсын хуулийн үүднээс авч үзвэл, Сенкакү арлуудын талаар Хятадын засгийн газар болон Тайваний удирдлагаас “түүх, газарзүй буюу геологийн” нотолгоо хэмээн дэлгэн тавьсан асуудлуудын аль нь ч Хятадын газар нутгийн нэгэн хэсэг болохын бодитой үндэслэл болж чадахгүй хэмээн Япон улс байр сууриа илэрхийлж байгаа юм.
Тэрчлэн тус улсын Гадаад хэргийн яамнаас гаргасан албан ёсны мэдээллийг харахад “Сэнкакү арлууд нь түүхийн хөдлөшгүй баримт болоод олон улсын хуулийн үүднээс үзвэл Япон улсын газар нутгийн салшгүй хэсэг мөн” гэжээ. Цаашлаад -Сэнкакү арлууд нь 1895 оны 5 дугаар сард хүчин төгөлдөр болсон Шимоносэкийн гэрээний 2 дахь заалтын дагуу Чин гүрнээс Японд шилжүүлсэн “Тайвань арал болон Пескадорын арлууд”-ын бүрэлдэхүүд орж байгаагүй бөгөөд, Япон улс нь эдгээр арлуудыг Япон-Чин гүрны дайны дүнд булаан аваагүй.
-Түүнээс хойш Сэнкакү арлууд нь Япон улсын хүчин төгөлдөр хяналтанд байсан билээ. Жишээлбэл, Сэнкакү арлын орчим загас барих зэрэг үйл ажиллагаа явуулдаг байсан Окинава мужийн нэгэн оршин суугч эдгээр арлуудыг түрээсээр ашиглах хүсэлтээ гаргасны үндсэн дээр тухайн үеийн Засгийн газар 1896 онд уг хүсэлтийг нь ёсоор болгожээ. Ийнхүү зөвшөөрлөө авсны дараа тэрээр ажилчдаа арлуудруу илгээн шувууны өд цуглуулах, хатаасан хар амар загас бэлтгэх, шүр цуглуулах, мал үржүүлэх, лаазалсан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон түлшний зориулатаар шувууны сангас цуглуулах зэрэг бизнесийн үйл ажиллагаа явуулж байв. Тухайн үеийн Японы засгийн газраас хувь хүнд Сэнакү арлуудыг ашиглах зөвшөөрөл олгож, тэрээр уг зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа нээлттэйгээр явуулах боломжтой байсан нь эдгээр арлууд нь Япон улсын хүчин төгөлдөр хяналтанд байсныг илтгэж байгаа.
-Сэнкакү арлууд нь Тайваний бүрэлдэхүүнд буюу 1951 онд үзэглэсэн Сан-Францискогийн Энхийн гэрээний дагуу Японы хураалгасан нутаг дэвсгэрт багтаагүй билээ. Сэнкакү арлууд нь Нансэй арлуудын бүрэлдэхүүнд ордгийн хувьд АНУ-ын захиргаанд очсон бөгөөд 1971 онд үзэглэсэн Рюүкюү болон Дайтоо арлуудын талаархи Япон, АНУ-ын гэрээний дагуу Япон улс захирах эрхээ эргүүлэн авсан билээ.
-1968 онд НҮБ-ын агентлаг судалгаа явуулсны дүнд Дорнод Хятадын тэнгист газрын тосны нөөц байж болзошгүйн шинж тэмдэг илрүүлснээс хойш буюу 1970 оноос эхлэн БНХАУ болон Тайвань Сэнкакү арлуудын эзэмшлийн асуудлыг анх тавьж эхэлжээ. Үүнээс өмнө аль нэгэн улс орон, бүс нутгийн зүгээс Япон улсын эзэмшлийг Сэнкакү аралд тогтоосон талаар эсэргүүцэл илэрхийлж байгаагүй аж.
-Олон улсын хууль, эрхзүйн үүднээс үзвэл БНХАУ-ын Засгийн газраас гаргаад буй түүхэн, газарзүйн болоод геологийн хэмээгдэх нотолгоонууд нь Сэнкакү арлуудыг захиран тохинуулах тухай Хятадын мэдэгдэлүүдийн үндэслэл болж үл чадна. 1920 оны 5 дугаар сард Нагасаки дахь Хятадын консулаас Сэнкакү арлын орчим Фүжиан мужийн хятад загасчид осолдсонтой холбогдуулан ирүүлсэн талархлын захидалд “Японы эзэнт гүрний Окинава мужийн Яэяама дүүргийн Сэнкакү арлууд” хэмээн бичсэн байдаг. Түүнчлэн, БНХАУ-ын “Ардын Сонин”-ы 1953 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн дугаарт хэвлэгдсэн өгүүллэгт Рюүкюү арлууд нь “Сэнкакү арлуудыг багтаасан нийт 7 бүлэг арлаас бүрддэг” хэмээн тодорхой бичсэн байдаг.
Мөн 1960 онд БНХАУ-д хэвлэгдсэн “Дэлхийн атлас”-т Сэнкакү арлуудыг Окинава арлуудын бүрэлдэхүүн хэсэг хэмээн харуулсан байна гэжээ. Мөн “Япон улсын Засгийн газар Сэнкакү арлуудыг худалдан авсан нь тайван бөгөөд тогтвортой удирдлагаар хангах зорилтыг агуулсан” гэсэн байна.
-Сэнкакү арлуудыг өмчлөх эрхийг олж авах тухай Япон улсын Засгийн газрын шийдвэр нь өнөөгийн байдлыг үндсээр нь өөрчилж буй хэрэг биш юм. Япон улсын Засгийн газар ямагт тайван байдлаар хандаж ирсэн. Өдгөө Япон улсын Засгийн газрын өмчлөлд шилжээд буй гурван арлаас бүрдэх газар нутаг нь 1932 он хүртэл Япон улсын Засгийн газрын эзэмшилд байжээ. Хожим нь, уг газар нутгийг хувь хүн худалдан авсан бөгөөд энэ удаад Японы Засгийн газраас түүнийг өөрийн эзэмшилд буцаан авах шийвдэр гаргалаа. Үүнээс гадна, Засгийн газар нь Сэнкакү арлуудын бүрэлдэхүүнд орох Тайшоо арлыг өмчлөх эрхээ тууштай хадгалсаар иржээ.
-Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын зүгээс далайн орон зайд нэвтрэн орох оролдлогыг идэвхийлэн хийж, Сэнкакү арлын орчим өдөөн хатгалгын шинж чанар бүхий үйл ажиллагаа явуулах болов. Засгийн газрын өмчийн болон идэвхтнүүдийн хөлөг онгоцууд ар араасаа Япон улсын усан хилийг зөрчин нэвтэрч буй нь Япон улсад түгшүүр хуримтлуулсаар байгаа билээ. Ийм нөхцөлд Токио хотын захиргаанаас Сэнкакү арлуудыг худалдан авах төлөвлөгөөг гаргасан юм. Хэдийгээр Япон улсын
Засгийн газар нь БНХАУ-ын зүгээс тавиад буй мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй ч, өрнөөд буй хөдөлгөөнүүд нь Япон-Хятадын бодит харилцаанд ноцтой нөлөө үзүүлж болзошгүй хэмээн үзсэн билээ.
-Япон улсын хувьд, Япон-Хятадын харилцаа нь хамгийн чухал хоёр талын харилцаануудын нэг юм. Хоёр орны хоорондын найрсаг харилцаа нь Зүүн Ази дахь энх тайван, тогтвортой байдалд нэн чухал гэдэгийг хүлээн зөвшөөрдөгийн хувьд Япон улс нь хамтын ажиллагаагаа аль болох алсын хараатайгаар бэхжүүлсээр ирсэн билээ. Япон-Хятадын харилцаан дахь ирээдүйн өргөн боломжуудыг бодвол арлуудыг эзэмших эрхийг шилжүүлэх нь урт хугацаанд тайван бөгөөд тогтвортой удирдлагаар хангах явдлыг баталгаажуулах хамгийн оновчтой бөгөөд сайн арга байсан юм гэж өгүүлжээ.
Түүнчлэн Ямар ч шалтгаантай байсан хүчирхийллийн үйлдлүүдийг зөвтгөхгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
-БНХАУ-ын хэд хэдэн бүс нутагт Японы эсрэг жагсаал цуглаан явагдаж, Японы дипломат төлөөлөгчийн газруудын зүг чулуу болон бусад аюултай эд зүйлс шидэх, япон иргэдийн эсрэг хэрцгий үйлдэл гаргах, Японы харьяа компаниудын эд хөрөнгийг галдан шатаах, сүйтгэх, тонон дээрэмдэх явдал гарсан нь нэн харамсалтай.
-Ямар ч шалтгаантай байсан хүчирхийллийн үйлдлийг зөвтгөх учиргүй бөгөөд үзэл бодлын зөрүүг тайван замаар илэрхийлэх нь зүйд нийцнэ. Энэ бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхол юм хэмээн Япон улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байгаа юм.
Тус улс байр сууриа ийн илэрхийлсээр байтал, сэрсэн луу буюу Хятадын зүгээс эсэргүүцлээ дараалан илэрхийлсэн хэвээрээ байна. Эцсийн дүндээ эдгээр арлуудад нэг эзэн байх учиртай. Харин Луу, Нар хоёрын аль нь эзэн сууж үлдэх вэ гэдэгт цаг хугацаа хэрхэн хариулт өгөх бол?
Сэтгэгдэл ( 0 )