Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд танаа

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,


Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг,


УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүдэд мэдэгдэх нь


Ардчилсан нийгмийн амин сүнс нь чөлөөт хэвлэл мэдээлэл, чөлөөт хэвлэл мэдээллийн үндэс нь хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг билээ. Гэтэл Монголын сэтгүүлчдийн олон жилийн турш хүлээсэн “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн төсөл хэмээх сайхан итгэлийг харин ч эсрэгээр ашиглаж, чөлөөт хэвлэл мэдээллийн хараат бусаар оршин тогтнох боломжийг тас боомилон, Монгол Улсад мэдээллийн эрх чөлөөний үнэт зүйлийг алдагдуулахуйц зүйл заалтыг дотроо агуулсанд туйлаас болгоомжлон энэхүү мэдэгдлийг гаргаж байна.


Тухайлбал “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн төслийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3 зүйл заалтууд өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн редакциудын эрхийг ноцтой хөнджээ.


8 дугаар зүйл. Редакцийн бие даасан, хараат бус байдлыг хангах


8.1 Хэвлэл мэдээллийн байгууллагын редакц тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, хувь эзэмшигч нарын ашиг сонирхлоос хараат бусаар бие даасан үйл ажиллагаа явуулна.


8.2 Хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, хувь эзэмшигч редакцын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.


8.3 Хэвлэл мэдээллийн байгууллагын редакцын эрхлэгч нь үүсгэн байгуулагч эсхүл эзэмшигчтэй хараат бус байдлыг хангах гэрээ байгуулна... гэсэн энэхүү заалт нь хэвлэл мэдээллийн хөрөнгө оруулагч, эздийг редакциас нь тусгаарлаж, тэдний оронд улстөрчид болон улс төрийн намууд сэтгүүлчдийг нь хямдханаар худалдан авч нөлөөлөлдөө оруулах боломжийг нээж өгчээ.


Өнгөц харахад редакцийн хараат бус байдал хэмээх сайхан үгэнд дулдуйдсан заалт мэт боловч ачир дээрээ Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслэлийг харсан зүгтээ залахыг хүсдэг улстөрчдийн ашиг сонирхол дор сул хаяж өгөх хуулийн цоорхойг нээж өгчээ.


Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол хувийн өмч бөгөөд бизнес юм. Гэтэл дээрх заалт нь хувийн өмчийг эзнээс нь тусгаарлан эзэнгүйдүүлж, хувийн компанийн бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс хуулиар хориг тавьж, эзэн буюу хөрөнгө оруулагчийн эрхийг хаахыг санаархаж байгаагаараа хэвлэл мэдээллийн эрх чөлөөг харин ч боомилсон хуулийн төсөл болжээ. Хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээ өөрөө удирдах эрхгүй атлаа ажилчдаа цалинжуулж, нийгмийн асуудлыг нь шийддэг, тэгсэн атлаа алдаа завхрал гарвал эзэн нь ялыг нь үүрч байхаар хуульчлахаар завдаж байна.


Мөн тус хуулийн Ажлын хэсгийнхэн Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээс хувь эзэмшигч нь 20 хувиас илүүг эзэмших эрхгүй гэсэн санал оруулахаар зүтгүүлж байгаа нь хүний хувийн өмч рүү увайгүй халдаж, Монгол улсын иргэний өмчтэй байх эрхийг бүдүүлгээр зөрчихөөр заналхийлж байгаа явдал мөн.


Монголын Хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн дийлэнхийг энэ салбарт мэдлэг туршлага хуримтлуулсан хэвлэлийн салбарынхан өөрсдөө үүсгэн байгуулсан бөгөөд ашиг орлого өндөр биш энэ салбарт хүсэл сэтгэлээрээ зүтгэн, чухам зөв оролцоо удирдан чиглүүлэх авьяасаараа редакциа хөтөлж яваа хүмүүс байдаг.


Гэтэл тэдгээр хөрөнгө оруулагчдын эзэмшлээс 80 хувийг нь тусгаарлан нийгэмчлэх аян өрнүүлэх, улмаар хуулийн цоорхойг ашиглан улстөрчдийн гар хөлийг энэ чухал салбарт дүрэхийг эрмэлзэж байгаа явдал гэж үзэж байна.


Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ хэвээр нь УИХ-ын Байнгын хороо болон Нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх аваас Монголд мэргэжлийн сэтгүүл зүйн орон зай хумигдаж, сэтгүүлчдийнхээ жаргал зовлонг ойлгодог хүмүүсийн оронд банк санхүүгийн байгууллага, уул уурхайн том компаниуд, улстөрчид, гадаадын эргэлзээтэй мөнгөөр санхүүжсэн хэнд ч харъяалалгүй сул орон зай үүсэх болно.


Хуулийн төслийг мэргэжлийн салбарынхны байр суурийг үл хэрэгсэн хэлэлцэж батлах аваас мэргэжлийн сэтгүүлзүйнхээ төлөө тууштай тэмцэн, эсэргүүцэхээ хатуу мэдэгдэж байна.

 

Хэвлэл мэдээллийн эздийн нэгдсэн холбоо”

 

Өдрийн сонин                Chuhal.mn           NTB

“Монгол ньюс”               Zindaa.mn            UBS

News агентлаг               Time.mn              ТВ8

Улс төрийн тойм            Nud.mn           Шонхор суваг

“The Mongolian Mining Journal”      olloo.mn     С1

Монголын мэдээ               ipost.mn            ТВ9

Ардчилал                     Olloo tv

“Соронз” сэтгүүл

Үндэсний шуудан

Зууны мэдээ

Нийгмийн толь

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top