Хамгаалалтын маск, каск гэдэг үг Улаанбаатарын агаарын бохирдол, барилгын компаниудын хариуцлагагүй байдлаас үүдэн гарсан юм. Гэтэл улстөрийн хүрээнд ч бас хамгаалалтын маск, каск хэрэгтэй болж байгаа нь илэрхий харагдаж эхэллээ. Улстөрийн халуун тогоонд дэгдсэн “Хүйтэн дайн” зарим гишүүдийг маск болон каск зүүн нүүрээ хааж, нүглээ нуун хамгаалалтын нуувчинд орохыг өөрийн эрхгүй шаардаж байна. Цаг хугацаа ч тэр. Цагтаа намдаа хайр зарлаж, үүнийхээ буянд олонхийн намын бүлгийн гишүүн болох, цаашилбал нэр дэвших эрхээ амархан шиг халаасалж байсан Д.Арвин гишүүний тухайд ч мөн адил хамгаалалтын нуувчинд орох цаг иржээ. Ингэж хэлэхээс өөр арга байсангүй.
Түүх өгүүлье. Цагтаа цалгиж байсан “Их эзэн” Н.Энхбаяраар овоглосон бүхэл бүтэн отряд улстөрд хүч түрэн орж ирсэн нь төрийг түүхийрүүлэх олигархи, түмний халаасыг ухах авлига гээчийн эх суурийг тавьсан. Тиймдээ ч Н.Энхбаярыг авлигын “Загалмайлсан эцэг” хэмээн нэрлэдэг. Н.Энхбаярын тогоонд бүрэлдэн бий болсон “Аалзны” үр хөврөл нь алдарт “Элсний 13” байлаа. Тодруулбал, 2007 онд Д.Арвин, Ч.Авдай, Ч.Улаан, Л.Пүрэвдорж, Т.Ганди, Д.Тэрбишдагва, Л.Одончимэд, Д.Одбаяр, Т.Очирхүү, Ц.Шаравдорж, А.Цанжид, Ц.Мөнх-Оргил, Р.Нямсүрэн нарын 13 гишүүн нэгдэн “Элс” болсон нь төрөлх намаа муулж, хагарал бутрал, талцалыг бий болгож байв. Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үедээ улстөрийн нүүдлээ шоглоом болгож, хэт хурдан нүүдэл хийн газар авхуулж байсан төдийгүй мөр зэрэгцэн намынхаа төлөө, бас өөрийнхөө сандал суудлыг баталгаажуулах “их үйлс”-ийн төлөө зүтгэж байгаа удирдлагуудтайгаа ам муруйж энэ өс хонзонгоороо Д.Арвин тэргүүтэй “Элс”-нүүдийг өөртөө татаж “Элсний-13”-ыг байгуулсан түүхтэй. Ингээд л МАХН-ыг муулах, намын дарга М.Энхболдын өөдөөс өрвөлзөх ажиллагаа эхэлсэн юмдаг.
“Элсний 13”- ч М.Энхболдын Засгийн газрыг унагах нэг зорилгын дор нэгдэж , хэл амаа билүүдсээр МАХН-ын XXV Их хурлаар М.Энхболдыг ширээнээс нь буулгаж, ширдэгнээс нь сэгсэрсэн юм. Ингээд л “Элсний-13” бохир улстөр гээчийг бас л “загалмайлж” шударга үнэний төлөө зоригтойгоор дуугардаг Д.Арвин хатагтай Н.Энхбаярын гэргий О.Цолмонгийн дүү, Д.Одбаяр гэгчтэй нэгдэн элдэв хор найруулсаар М.Энхболдын Засгийн газрыг унагаснаар намынхаа нөхдүүдтэй ч түнжин муудсан нэгэн. Харин “Элсний-13”-аас түүнд үлдсэн өгөөжтэй зүйл нь дураа хүрвэл хэний ч өөдөөс цоролзон босч чадна гэдэг ойлголтыг бусдад өгч чадсан юм.
Тиймдээ ч өнөөдрийг хүртэл улстөрийн тогооноос арчигдалгүй явж ирсэн. Түүний “Сэлэм Тогмид” занг мэдэх намынхан нь энэ удаа Хэнтий аймгаас нэр дэвших эрхийг нь бялуу болгон хувааж түүнийг хоосон үлдээх шахсан ч мөн л хэл амаа билүүдэж дээр дооргүй гүйж, гомдол мэдүүлснийхээ хүчинд нийслэлийн хамгийн ширүүн тойрог болох Баянзүрх дүүрэгт л мандат олдсон юм. Гэсэн ч шинэхэн сонгогчдод “идэш ууш” ихтэй шинэхэн Засаг даргыг сонгосноос хуучин бууны хугархайг сонгох нь илүү байсан бололтой. Ямартай ч Д.Арвин дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдлоо. Харин цагийн сайнд “Хаанчилж” байсан намаа хүнд хэцүү үед нь хаяад явж байгаа нь түүний яриад байгаа “Үзэл бодол” зөрчилдөг болсон, дотоод ардчилалгүй асуудал биш.
Харин Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдах байсан III төрөх эмнэлэгтэй холбоотой байж болзошгүй гэсэн яриа явж байна. Олны яриа ортой гэдэг дээ.
9 тэрбум төгрөгийн өртөгтэй III төрөх эмнэлгийг УИХ-ын гишүүн Д.Арвины “Их өргөө” компани 2012 оны III сарын нэгэн гэхэд ашиглалтанд оруулахаар ажлаа эхэлсэн юм. Тухайн үед Эрүүл мэндийн сайд байсан С.Ламбаа ч “Төрөх эмнэлэг хугацаандаа ашиглалтанд орно” хэмээн байн байн ярьж чухамдаа III төрөх эмнэлгийн баригдаагүй барилгаар л нүүрээ тахалж байсан юм.
Гэтэл 2013 он хэдхэн хоногийн дараа гарлаа. Мөнөөхөн 9 тэрбум төгрөгийн үнэ өртөгтэй III төрөх эмнэлэг банзан наар бүү хэл бараа сураг алга. Энэ барилгын зөвхөн суурь нь тавигдснаас бус бусад ажил нь огт хийгдээгүй байна. III төрөх эмнэлэг цагтаа ашиглалтанд орох нь бүү хэл араг яс нь ч босоогүй байгаагийн учрыг төсөв мөнгөтэй холбон тайлбарлаж байгаа ч “Михайлд нэг бодол бий” гэдэг шиг Д.Арвинд ч нэг бодол бас байгаа байх.
Өөрөөр хэлбэл энэ барилгын ажил яагаад цагтаа ашиглалтанд оролгүй дөнгөж эхлээд зогссон нь хууль хяналтынхны хараанд өртсөн байж болох. Өөрөөр хэлбэл III төрөх эмнэлгийн гэсэн асуудал босч ирж магадгүй байгаа учраас Д.Арвин Засгийн эрх төдийгүй хууль хяналтынхныг залуурдаж байгаа намыг бараадах гэсэн далд зорилготой байж болох юм. Шударгаар хэлэхэд хамгаалалтанд орох сонирхол нь дийлсэн учраас 18 жил нэрийн хуудсаа хийсэн МАН-ыг орхиж, өргөдлөө үзэглэх дээрээ хүрлээ гэх дүгнэлтэнд хүрсэн хүмүүс ч байна. Ханилж яваад нөхрөө гэх үг бий дээ.
Сэтгэгдэл ( 0 )